Дарханы тамирчид 2016 онд 493 багц медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-30 23:33:15

Дарханы тамирчин хүүхдүүдийн “Шинэ жил-2016” цэнгүүн аймгийн Биеийн тамир, Спортын ордонд боллоо. Цэнгүүнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Цасчихэр, аймгийн БТСГ-ын дарга, МУГД Н.Батлав нар урилгаар оролцов.

Энэ өдөр 2016 онд спортын төрлүүдээр аймаг, улсдаа төдийгүй олон улсад эх орныхоо нэрийг цуурайтуулсан тамирчин хүүхдүүдээ аймаг, сумын Засаг даргын жуух бичгээр болон “Монголын Хөнгөн атлетикийн холбоо”-ны дээд шагнал, НАМЗХ зэрэг байгууллагуудын шагналаар шагнаж спортын бүжгээр цол, зэрэг биелүүлсэн тамирчдад цол зэргийн үнэмлэх гардууллаа.

Аймгийн БТСГ-ын дарга, МУГД Н.Батлав:-“2016 онд манай аймгийн насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын шигшээ багийн тамирчид спортын 27 төрөлд 493 багц медалийг хүртсэн бахдам амжилт гаргалаа. Тухайлбал: оны эхэнд Монгол Улс “Өвлийн олимп”-ийн төрлөөр анх удаа “Олимпийн аварга” болсон Б.Сумъяа маань Дархан-Уул аймгаас төрсөн тамирчин. Мөн ОХУ-ын Якутск хотод зохиогдсон “Азийн хүүхдийн спортын V их наадам”-д Монгол Улсаа төлөөлөн Жүдо, Чөлөөт бөх, Сагсан бөмбөг, Хөнгөн атлетик зэрэг төрлүүдэд нийт 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцож нэг мөнгөн, дөрвөн хүрэл медаль хүртсэн" гэлээ.

                                                                                                                                                 Б.Норовсамбуу

Related news