Ж.Керри Израилийг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-29 09:52:11

ВАШИНГТОН. /Xinhua/. Иордан голын баруун эрэг болон бусад газарт еврейн суурин барихаа Израиль зогсоохгүй байгаа нь палестинчуудтай энхийн хэлэлцээ хийхэд саад болж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэллээ. Израиль болон Палестины хооронд энхийн хэлэлцээ хийхэд тэрбээр зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Лхагва гарагт Ж.Керри хэлэхдээ “би хүчин чармайлт гаргасаар байгаа хэдий ч Ойрхи Дорнодод энхийн тайван байдал бий болгох үйл явцад ахиц дэвшил гарахгүй байна” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “хоёр улс гэсэн зарчим бол израильчууд болон палестинчуудын хооронд энх тайван байдлыг шударгаар бий болгох цорын ганц арга зам юм” гээд “суурин барих талаарх Израилийн бодлого нь энх тайван бий болгоход саад болж, Израилийг тусгаарлаж байна” гэсэн байна.

Түүний хэлснээр, Израиль суурин барихаа зогсоохгүй бол Палестин гэдэг улс байх нь үндсэндээ боломжгүй юм.

Иордан голын Баруун эрэг болон бусад газарт суурингууд барьж буй зохисгүй үйлдлээ нэн даруй зогсоохыг Израилиас шаардсан агуулга бүхий тогтоолыг батлахаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал хураалт явуулахад АНУ хориг тавих эрхээ ашиглаагүй юм.

АНУ хориг тавих эрхээ ашиглаагүй нь ердөө гурван долоо хоногийн дараа ерөнхийлөгчийн суудлаа өгөх гэж буй Барак Обама Израилийг эсэргүүцсэн байр суурьтай байгааг илэрхий харууллаа гэж ажиглагчид үзэж байна.

Харин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп твиттер хуудсандаа “Хүчтэй бай! Израиль. Нэгдүгээр сарын 20-ны өдөр ойртож байна” гэж бичжээ. Энэ өдөр Д.Трамп тангараг өргөх юм.

Г.Доржханд

Related news