Нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхээр санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-20 17:01:42

“Эрүүл мэндийн салбарын хөгжилд-Эрдэмтдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарын 100 гаруй эрдэмтэн нотолгоонд суурилсан анагаах ухааныг хэрхэн хөгжүүлэх, цаашдын бодлогын баримт бичигт хэрхэн тусгах талаар санал бодлоо солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын өнөөгийн байдал болоод цаашид бодлогын түвшинд хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулав. Тэрбээр, Засгийн газар 2016 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн цогц бодлого-2030 хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Уг баримт бичигт салбарын хөгжлийн зорилтыг хангах зарчимд өндөр, бүтээмжтэй, дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх, инноваци шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин урамшуулахаар тусгасан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны төлөвлөгөөнд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тогтолцоог бий болгох гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Ийнхүү ажиллахад эрдэмтэн та бүхний оролцоо хийгээд судалгаа шинжилгээ, санал санаачилга чухал байдаг, ялангуяа хүн амыг хамрах хүрээ өндөртэй өвчлөлүүдэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллахыг эрдэмтдээс хүслээ.

ЭМЯ-ны зүгээс шинжлэх ухааны үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь хүртэлх түвшинд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.

Мөн манай улс 2005 оноос бөөр, 2007 оноос элэг,  2014 оноос чөмөг шилжүүлэн суулгах  эмчилгээний шинэ арга, эмчилгээний технологийг нэвтрүүлж эх орондоо нутагшуулж чадсан юм.

Хүн амын төвлөрөл, хотжилт, техник технологийн дэвшил уул, уурхай, аялал жуулчлалын хөгжил зэрэг нь хүн амын эрүүл мэндийн асуудалд сөргөөр нөлөөлж, хөрс, ус, агаарын бохирдол, хөдөлгөөний хомсдол, стресс, тоосжилт түүнээс улбаатай өвчин эмгэг хүн амын дунд эрс нэмэгдэж байна. Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний зэрэгцээ өнөөг хүртэл бүртгэгдсээр ирсэн ХДХВ/ДОХ, сүрьеэ, вирүсийн шалтгаант элэгний архаг үрэвсэл В, С, бруцеллёз өвчний хяналтын асуудал тулгамдсан хэвээр байгаа юм.

Монгол хүний эрүүл мэндийг дэмжих, дундаж наслалтыг уртасгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч хөдөлмөрлөх эрхийг хангах, халдварт болон халдварт бус өвчнийг бууруулах, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэргийг тэргүүлэх чиглэл болгон түүнд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, инноваци, шинэ дэвшилтэт технологиудыг дэмжин эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд тусган ажиллахаар төлөвлөж байна.

Шинжлэх ухаан технологи, судалгаанд чиглэсэн санхүүжилт хангалттай бус, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх нь салбарын тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Ийнхүү эрүүл мэндийн салбарын эрдэмтэд дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж гаргах юм гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 

Related news