“Ус миний амьдралд” уралдааны шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2016-12-19 17:47:54

Нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалт /ГХГС/-тай 18 дугаар бүрэн дунд сургуулийн 11ын "Б" ангийн сурагч А.Мөнхзул, Б.Уртнасан нар “Ус миний амьдралд” сэдэвт зохион бичлэгийн уралдааны тэргүүн, дэд байрын эзэд болов.

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн түүхт 60 жилийн ойд зориулж “Дусал ус” ТББ-аас “Ус миний амьдралд” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг тус сургуулийн 4-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан байна.

                                           Усанд би хайртай

Ус бид хоёр бие биедээ хайртай. Цаг мөч бүхэнд намайг халамжилж, цангахад минь ундаалж, гундахад минь сэргээж, амьд явахад хамгийн их зовнин хамаг л бүхнээ харамгүй зориулдаг. Бүх амьдрал сүйрэн унасан ч хажуу дэргэд түшээд авах хань ч юм шиг тийм ихээр намайг хайрладаг... Гэтэл би усны төлөө юу хийсэн юм бэ? Энэ их хайрыг хүмүүс бид дааж чадалгүй гомдоогоод байгаа юм биш биз. Бидэнд гомдож гуниглахдаа бохирдож, ширгэж, үнэ цэнээ алдаж, үнэ цэнээ алдаж эцэс сүүлд нь ор мөргүй биднийг орхин явж одох вий. Тэгвэл бид бүхнийг юу ингэж маш ихээр хайрлаж чадна гэж вэ? Би гэмшиж байна. Би харуусч байна, бас би эмгэнэж байна. Тэглээ гээд харсаар байж, мэдсээр байж түүнийгээ алдах гэж үү? Үгүй ээ, би лав тэгж чадахгүй. Яг одооноос эхэлж ус намайг биш, би усыг тэтгэх болно. Усаа хэмнэе, усныхаа төлөө хогоо хаяхгүй байя, цэвэрлэе, түүнтэй яръя, өвдөх үед ус намайг эмчилдэг шиг одооноос энэ өвдсөн усаа би өөрөө эмчилнэ. Би биш бид гэдэг үг хүчтэй. Бид хамтаараа хичээе, хамтдаа хайрлая.              

         А.Мөнхзул

                                                                     11б ангийн сурагч А.Мөнхзул

Өнөөдөр дэлхий дээр 660 сая гаруй  хүн буюу манай улсын хүн амаас 220 дахин их хүн баталгаагүй ундны  ус хэрэглэж байна. Мөн цэвэр усны хомсдлоос болж олон сая хүүхэд халдварт болон халдвар бус өвчин эмгэг тусч, амь насаа алдахад хүрч байгаа юм. Харин монгол хүүхдүүд усны ач холбогдол, хэрэглээний талаар ямар бодол сэтгэгдэлтэй байгааг энэ уралдаанд оролцогч хүүхдүүд маш тодорхой бичжээ.

Уг уралдаанд 50 гаруй сурагчид оролцож өөрсдийн зохион бичлэгээ ирүүлжээ. Уралдааны 3 дугаар байрт 6б ангийн сурагч Д.Мөнхзаяа, 12а ангийн сурагч Ц.Мөнхдөлгөөн нар шалгарсан бол тусгай байрт 11б ангийн сурагч Б.Сүхболд, Б.Нямханд, Б.Ану-Үжин нар шалгарлаа. Хүүхэд бүр л усны ач холбогдолын талаар өөр өөрийн өнцгөөс илэрхийлж сэтгэлд нэгийг бодогдуулахаар бичиж чадсан нь гайхалтай.

                                                              Ус миний амьдралд

Хүн төрөлхтөн, бүр дэлхий усгүй бол яах бол гэж нэг удаа ч болов бодож үзсэн үү. Ямар ч амьдрал байхгүй хоосон хуурай, амьд амьтан ч үзэгдэхгүй бараан саарал бүүдгэр ертөнц. Бодоход бие хүртэл эрвэгнэж эвгүйцнэ. Одоо үед усаа хамгаалъя, хайрлая, хэмнэе гэж олон уриа гарч хүн төрөлхтөн бидэнд эх дэлхий хүртэл хэцүү байгаагаа мэдэгдэж бидэнд сануулах гэж өрөвдөлтэйгөөр мэгшин уйлах мэт байх юм.

“Усаа хэмнэе, хайрлая” гэх энэ үгийг сонссогүй хүн энэ дэлхийд тун ховор биз ээ. Яагаад үл ойшоосон мэт усыг асгаж бохирдуулж ширгээж, яагаад усаа хайрлахгүй байгаа юм бол? Энэ зөвхөн хувь хүний ухамсар гэж үү? Зарим хүмүүс усгүй болж дусал усыг ч алтаар үнэлж байхад усыг үр ашиггүй их зарцуулах хүмүүс ч олон. Энэ тухай бүгд мэддэг байж усаа хэмнэхгүй байгаа шалтгааныг одоо ч бид ойлгохгүй байна.

Хэзээ усыг нандигнаж грамм бүрийг гамтай зарцуулах цаг ирэх бол. Бүгд дууссаны дараа юу? Ургамал цэцэг устаж, амьтан бүхэн үхэж хүн бүр үрэгдэж, усны төлөөх тэмцлийн гашуун сургамжийн дараа юу? Бодохоос айдас хүрч байхад, яагаад өөрсдөө энэ зам руу яваад байгаа юм бэ? Таны хүүхэд уйлан ус нэхэж, нүдэн дээр чинь өрөвдөлтэйгөөр гийнах хүмүүс, хатсан ертөнц. Ганц ч дусал ус үгүй. Түнэр харанхуй ширүүн салхи үлээнэ. Нуруугаар тань хүйт даан өмнөх амьдралын үеүүдээ устай хамт сайхнаар төсөөлөх үед та ухаарах уу?

Хүмүүсээ дусал ус бүрийг хэмнэцгээе!     Сурагч Б.Уртнасан

Д.Өлзий

Related news