Мод тарих ажилд идэвхтэй оролцогчдыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 13:40:37

Жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гараг нь Монголчуудын хувьд “Мод тарих үндэсний өдөр” юм.

Уг өдрөөр байгууллагууд хавар тарьсан моддоо усалж, өвөлжилтөнд бэлтгэх, хашаа хайсыг нь засаж тордох зэргээр ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын улирал дуусч байгаатай холбогдуулан Дайргын гол дагуух хогийг цэвэрлэлээ.

Мөн энэ өдөр хаврын мод тарих ажилд идэвхтэй оролцож, аймгийн Засаг даргын “Дөчин мянган мод тарих” захирамжийг хэрэгжүүлсэн сум, байгууллага, иргэдийг шалгаруулан шагналаа. Баруунбаян-Улаан сумын ЗДТГ  нь сумын ногоон байгууламжийг өргөтгөх ажилд хөрөнгө оруулалт сайн хийж, мод тарих ажлыг сайтар зохион байгуулсан тул шилдэг байгууллагаар, Хужирт сумын “Гандан Норовлин” хийд өөрийн эзэмшил талбайг хашаажуулж 7066 ширхэг мод тарьсан, Г.Энхтөр захиралтай “Ногоон төгөл “ТББ  нь  өөрийн байгууллагын зардлаар Хужирт сумын төв Шарбулагт 1 га талбайг хашин 1000 ширхэг мод бут тарьсан тул тус бүр шилдэг аж ахуйн нэгжээр,  Арвайхээр сумын “Арвайхээр  ТҮК” ТӨУҮГазрын  цэцэрлэгжүүлэгч  Д.  Самдан, Хайрхандулаан сумын иргэн С. Мөнхдулам, Хархорин сумын тохижилт үйлчилгээний албаны цэцэрлэгжүүлэгч  С.Энхдолгор, Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш Б.Дуламсүрэн нар мод, бут тарихад идэвхтэй оролцсон иргэнээр тус тус шалгарчээ.

Аймгийн хэмжээнд зарласан  “Эко сургууль цэцэрлэг” шалгаруулах”  аяны хүрээнд Гучин-ус сумын ЕБС, Хужирт сумын 2 дугаар цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Хаврын мод тарилтаар аймгийн хэмжээнд нийт 405  аж ахуйн нэгж, байгууллага, 11350 иргэн оролцож 15895 ширхэг мод, 38898 ширхэг бут сөөг буюу нийт 54793  ширхэг мод бут тарьж, 12500 м2 зүлэгжүүлэлт, 5400 м2 цэцгийн мандал байгуулсан бөгөөд амьдралт дунджаар 75 хувьтай  байж, 42500  орчим  мод бут амжилттай сайн ургасан нь аймгийн Засаг даргын “40000 мод ургуулах хөдөлгөөн өрнүүлэх” захирамжийн хэрэгжилт хангалттай биелсэн хэмээн холбогдох албанаас дүгнэлээ.

Б.Батчимэг

 

Related news