Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-26 15:54:15

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас оюуны өмчийг спортын хүрээнд дээдлэн сурталчилж, “Оюуны өмч ба спорт: гараандаа, анхаар, инновацыг бүтээ” уриа дор энэхүү өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна.

 

Монгол Улс оюуны өмчийг хамгаалах эрх зүйн үндсийг 1944 онд тавьснаас эхлэн оюуны өмчийг хамгаалах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, урамшуулан дэмжих чиг үүргийг төрийн байгууллагууд хөгжлийн үеүдэд тасралтгүй хэрэгжүүлж иржээ. Өнөө үед оюуны өмчийн эрх нь бүтээлч сэтгэлгээ, инновацыг дэмжих, технологийн дэвшлийг хурдасгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал хүчин зүйл болоод байгаа аж.

 

Энэ хүрээнд Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, оюуны өмч, шинэ технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэх” чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “оюуны өмч, шинэ технологийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновац, технологид суурилсан салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлжээ.


Мөн орчин үеийн техник технологи, хиймэл оюун, инновац, шинэ менежмент нэвтрүүлэх замаар хөдөлмөрийг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг хангах хүний нөөцийг шинээр сургаж бэлтгэх зэрэг салбарын асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд чиглэн ажиллаж байна.

 

Цаашид салбарыг хөгжүүлэх, шинэ санаа, бүтээл, технологийн хамгаалалтыг дэлхий нийтэд таниулан дэлгэрүүлэх чиглэлд анхаарч, шинжлэх ухаанд суурилсан инновац, технологийн шийдлүүдийг тууштай дэмжин хэрэглээнд нэвтрүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллах юм.

 

Иргэн бүр шинийг эрэлхийлж, бүтээлч санаачилгаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, үндэсний хөгжил дэвшлийг хамтдаа бүтээхийг Эдийн засаг, хөгжлийн яам уриалав.

Related news