ОРХОН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.go
2026-04-23 15:22:00

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт шинээр барихаар төлөвлөжээ.


Аймаг, орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн ч тэднийг эмчлэх, сэргээн засах үйлчилгээг цогцоор нь үзүүлэх төв олон жилийн турш дутагдалтай байсаар ирсэн. Иймээс зайлшгүй хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэ онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийг барих тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг аймгийн Худалдан авах ажиллагааны газар гүйцэтгэж байна.

 

Тус хөгжлийн төвийн нийт төсөвт өртөг 8.5 тэрбум төгрөг бөгөөд 2026 онд 4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

 

Санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргах бөгөөд тус тендер шалгаруулалтад Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан “Тотал-Идеал” ХХК 8.2 тэрбум төгрөг, “Клаймакс-Интернэшнл” ХХК 7.8 тэрбум төгрөгийн үнийн саналтай оролцож, тендерийг нээж, хянан үзэх болон үнэлэх шатанд явж байна. 


Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4800 гаруй иргэн байдгаас 500 орчим нь хүүхэд байна.


Related news