ДАРХАН-УУЛ: Морин хуурын дугуйлангуудад дэмжлэг үзүүллээ
ФОТО МЭДЭЭ
Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас “Мөнхөд дуурсах морин хуур” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ нь үндэсний өв, соёлыг дээдлэн дэлгэрүүлэх, үндэсний бахархал, соёлын дархлааг бэхжүүлэх, хойч үед морин хуурыг өвлүүлэн үлдээх, мөн морин хуурын сургалт явуулж буй дугуйлангуудыг дэмжих зорилготой юм.
Энэ хүрээнд аймгийн хэмжээнд морин хуурын дугуйланг тогтмол хичээллүүлж буй байгууллагуудад 21.3 сая төгрөгийн үнэ бүхий 13 морин хуурыг гардуулав.

Морин хуур тоглодог мэргэжлийн болон хөгжмийн 10 гаруй багш бий. Үүнээс зургаа нь морин хуурын сургалт хичээллүүлж 140 гаруй хүүхдийг сургалтад хамруулж байна. Тэд морин хуурын дугуйлан тогтмол хичээллүүлэхээс гадна үндэсний их баяр наадам, хотын баяр, тэмдэглэлт өдрүүдэд соёлын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг.

Дээрх байдлыг үндэслэн Хүүхэд, хөгжлийн ордны дэргэдэх Морин хуурын дугуйлан, ЕБ-ын 16 дугаар сургууль болон "Залуучууд" театрын дэргэдэх дугуйланг сонгож морин хуур олгох шийдвэр гаргажээ.
Морин хуурыг хүлээлгэн өгөх үеэр тус газрын дарга Х.Соёл-Эрдэнэ, "Өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Залуучууд" театрын ардын хөгжмийн зэмсгүүдийг шинэчлэх, сумдын Соёлын төвүүдэд тус бүр 4-5 морин хуур, соёлын байгууллагуудад тус бүр хоёр морин хуур олгох төслийг хэрэгжүүлсэн. Энэ удаа морин хуурын дугуйлангуудаа дэмжиж, үндэсний өв, соёлыг дээдлэн дэлгэрүүлэх, соёлын дархлааг бэхжүүлэхэд, хойч үедээ морин хуурын урлагийг өвлүүлэн үлдээхэд бодитой хувь нэмэр оруулж байна" гэв.

Мөн "Залуучууд" театрын хөгжимчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттулга, "Нэг морин хуур хөгжмийн ард 4-5 хүүхдийг сургах боломжтой. Манай дугуйлангуудад өгч байгаа морин хуурыг тоглож үзлээ. Хөг дуугаралт, хийц, чанарын хувьд сайн хуур төдийгүй анхлан суралцагчийнх бус мэргэжлийн хөгжимчдийн тоглодог хуураар хөрөнгө оруулалт хийж байгаад талархал илэрхийлье. Хүүхдийн үндэсний найрал хөгжмийн чуулга байгуулахаар зорьж буй бидний хувьд үнэхээр цаг үеэ олсон дэмжлэг боллоо" гэв.

Өдөрлөгийн хүрээнд аймгийн Төв номын сангаас морин хуурын түүх, төрөл зүйл, хийц загвар, морин хуурын ноот бүхий 19 боть ном, 30 үзүүлэн таниулах материалаар “Морин хуурын аялгуу” үзэсгэлэнг дэглэж, сургагч багш нар болон морин хуур сонирхогч суралцагч хүүхдүүдэд танилцууллаа.

Ташрамд, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас 2023 онд “Хуурцаг” хамтлагт 45 сая, 2024 онд “Од” сургуулийн цахилгаан хөгжмийн хамтлагт 26 сая 847 мянган төгрөгийн хөгжим, техник хэрэгслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэн хүлээлгэн өгсөн байна.