Бээжингийн марафоны үеэр роботууд хүмүүстэй уралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-14 14:45:32

БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. Энэ сарын 19-нд Бээжин хотод болох хагас марафон гүйлтэд хүмүүс болон роботууд хамтдаа оролцоно.


Тус хотын Ижуан дүүрэгт хоёр дахь удаагаа явагдах гэж буй гүйлтэд хүн дүрст роботууд хүмүүстэй хамт нэг замаар гүйнэ гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Ирэх ням гарагт Beijing E-Town технологийн паркт эхлэх гүйлтэд оролцогчид Наньхайзи паркт барианд орох ажээ.


Уг гүйлтэд технологийн компаниуд ба их сургуулиудын 100 гаруй багийг төлөөлж 300 гаруй робот оролцох юм.

Өвөрмөц энэхүү арга хэмжээ нь робот техникийн хөгжил, түүнийг амьдралд нэвтрүүлж буй байдал, спорт ба технологийн нэгдлийг илтгэн харуулж байна.


Ташрамд дурдахад, саяхан Хятад улсад онцгой эрсдэлтэй талбарт ажиллах хиймэл оюун ухаант тусгай роботуудыг зохион бүтээн ашиглаж эхэлжээ. Тухайлбал, цахилгаан соронзны тусламжтайгаар босоо ханаар дамжин явдаг 90 кг жинтэй уулчин-роботыг дурдаж болно. Түүнийг VR-интерфейс эсвэл хиймэл оюун ухааны системээр удирдах боломжтой бөгөөд өндөрт хийдэг эрсдэлтэй ажлыг офисоос удирдан гүйцэтгэх боломжтой. 

Related news