“Согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг эрүүлжүүлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн үзэл баримтлал, хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар ЭМЯ-наас Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Тус Ажлын хэсэг өнөөдөр Хууль зүйн яамтай хамтран хэлэлцүүлэг хийлээ.
Одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, эд хогшлыг эвдэх, эмнэлгийн орчныг биеийн өтгөн шингэнээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдал болон эмнэлгийн халдвар, хяналтын дэглэмийг алдагдуулдаг тохиолдол гардаг байна.
Мөн цагдаагийн алба хаагч согтуу иргэдийг шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учруулж, согтуу этгээдийн хажууд өвчиндөө шаналан ирсэн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Гэвч тухайн ирсэн согтуу иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагагүй, зөвхөн эмнэлгийн орчинд хоноглож, маргааш нь эрүүл болон эмнэлгийн байрнаас гарахдаа эд хогшлоос хулгайлах, эвдэх, хоол нэхэх зэрэг хүндрэл үүсдэг.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд агсам согтуу тавьсан этгээдийн эсрэг хүч хэрэглэх боломж, өөрсдийгөө хамгаалах арга хэрэгсэл, эрх зүйн орчин байдаггүй тул өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буйг тэд хэлж байна.
“Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 132 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 245 дугаар тогтоолоор Архидан согтуурахтай тэмцэх санг баталж энэ сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлдэг. Сангийн үйл ажиллагааг сангийн зөвлөл удирдах бөгөөд зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлдэг.
Иймд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж байгаа иргэдийг албадан саатуулах нь хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байлгах, албадан саатуулах байранд согтуу этгээдэд үзүүлэх үйлчилгээг энэ хуулиар зохицуулахаар шинэчлэн найруулжээ.
Ж.Болор