ӨВӨРХАНГАЙ: Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэд бүтэц хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-13 17:53:54

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой “Зочломтгой монгол” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.


Өвөрхангай аймаг эдийн засгийнхаа хөгжлийн гол чиглэлийг хөдөө аж ахуйгаас гадна аялал жуулчлалд төвлөрүүлэхээр тодорхойлсон. Тус аймаг монгол орны төв хэсэгт оршдог бөгөөд хангай, тал хээр, говь хосолсон өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт нутаг юм. Түүнчлэн төрт ёс, өв соёл, түүх дурсгалын арвин баялагтай тул аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж, нөөц бололцоотой.


Үүнийг бүс нутгийн хэмжээнд цогцоор хөгжүүлэх, эрчимжүүлэхэд санал нэгдэх, шийдвэр гаргах нь тус зөвлөгөөний зорилго юм.


Цаашид Орхоны хөндийн түүх, соёлын бүтээгдэхүүнийг “Төв Азийн түүх, соёлын голомт” ТЭЗҮ-тэй уялдуулах, Өгий нуурт түшиглэсэн аялал жуулчлалын бүсийг шинэ Хархорум хотын төлөвлөлттэй холбох, мөн “Хангайн бүсийн гурван гэгээн” гэгдэх Өндөр гэгээн, Зая гэгээн, Ламын гэгээнийг түшиглэсэн шашин, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг татах нь чухал болохыг ССАЖЗАЯ-ны Орон нутаг, дотоодын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Жавхлан дурдсан юм.

Өвөрхангай аймагт Сарлагийн баяр, Эсгий урлалын баяр, Арвагар хээр-Адууны баяр, Тэмээний баяр, Хархорум ба Торгоны зам, Улаанцутгалантын мөсөн хананд авирах тэмцээн зэргийг тогтмол зохион байгуулж байна. Цаашид эдгээр уламжлалт наадмын цар хүрээг нэмэгдүүлж, бүс болон олон улсын хэмжээнд өргөжүүлэх шаардлагатайг онцлов.


Одоогоор Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын салбарт 34 жуулчны бааз, 9 зочид буудал, 12 амралтын газар, 6 рашаан сувилал үйл ажиллагаа явуулж, 850 гаруй ажлын байраар хангаж байна.


Өнгөрсөн жил 70 мянга гаруй аялагч ирсний 36 мянга нь гадаадын жуулчид юм.


Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэд бүтэц хангалтгүй, орон нутгийн нисэх буудлын хүчин чадал муу, байгалийн сөрөг үзэгдэл их, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар хүртээмж тааруу зэрэг тулгамдсан асуудлууд байгааг зөвлөгөөнд оролцогчид хөндөж байлаа. 

Related news