Э.Мөнхжаргал: Тэтгэлэгт тэнцсэн мэдээ миний мөрөөдлийг бодит болгосон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-10 20:15:21

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны төгсөгчид эх орондоо ирж, мэргэжлээрээ ажиллаж эхлээд байна. Өвөрхангай аймгийн Бүрд сумаас шалгарч, Польш Улсад гурван жил суралцаад ирсэн Э.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Сургуулиа амжилттай төгсөөд ирсэнд баяр хүргэе. Тэтгэлэгт хамрагдсан тэр мөчийг эргэн дурсвал мэдээж баяр хөөр, догдлол дүүрэн байсан байх?

-Баярлалаа. Тухайн үед тэтгэлэгт хөтөлбөр анх удаа зарлагдаж байсан тул элсэлтийн ерөнхий шалгалтаа өндөр оноотой өгсөн ч бүрэн итгэл төрөхгүй байсан. Бүрд сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд элсэн орж, эхний хагас жилдээ суралцаж байсан үе юм. "2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар хамгийн өндөр оноо авсан сурагчдыг гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сургана" гэсэн мэдээллийг цахим сүлжээнээс анх хараад “Хэрэв үнэн бол журмын дагуу шалгаруулбал би тэнцэх юм байна” гэж бодоод өнгөрсөн.


Гэтэл үнэхээр өндөр оноо авсан сурагчид тэтгэлэгт хамрагдан гадаадын их, дээд сургуульд явах болсныг хэвлэл мэдээллээс хараад өөрийн эрхгүй догдолж хүлээсэн. “Над руу яагаад ярихгүй байгаа юм бол, би тэнцсэн л баймаар юм” гэж бодоод их удаан хүлээх шиг санагдсан. Тэгтэл нэг өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ажлын албанаас холбогдож “Тэтгэлэгт тэнцсэн байна, баяр хүргэе” гээд ярьсан. Үүний дараа хоёр сарын турш хэлний бэлтгэлд эрчимтэй суралцаж, сонгосон их сургуулиа зорьсон. Тэр мөч өнөөдөр ч үнэхээр сайхан дурсамж болон үлдсэн. Багаасаа гадаадад суралцах мөрөөдөл минь биелсэн.

-Польш улсыг сонгосон шалтгаан болон суралцсан сургуулийнхаа талаар ярина уу?

-Би ерөнхийдөө эртний загвар хийцтэй сүм, цамхаг зэрэг уран барилгуудыг харах дуртай. Тэрхүү сонирхлоо дагаад Европын орныг сонгосон. Мөн өмнө нь сурч байсан мэргэжлээрээ Варшав хотын Визяа сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой байсан нь давуу тал болсон.

Тухайн үед анхны тэтгэлэгт хөтөлбөр байсан тул хэлний бэлтгэл зөвхөн англи хэлээр явагдахаас гадна улс орнуудын сонголт харьцангуй цөөн байсан. Харин одоо Европын орнууд бараг бүгд хамрагдаж, Япон, Солонгос зэрэг олон улсаас сонголт хийх боломжтой болсон байна.


-Варшав руу хэдүүлээ явж байсан бэ?

-12 хүүхэд хамт явсан. Биднийг “Варшавын 12” гэж хүртэл нэрлэдэг болсон шүү. Хаус түрээслэн хамт амьдарч байсан учраас гурван жил маш сайхан, дурсамж дүүрэн өнгөрсөн. Бидний дунд үл ойлголцол, зөрчил бараг гарч байгаагүй, бүгд нэг зорилго, нэг хүсэл тэмүүлэлтэй байсан. Мөн манай сургуульд Ази, Европын олон орны оюутнууд суралцдаг тул олон найз нөхөдтэй болсон.

Одоо ажлаа бүрэн ойлгохгүй, шантрах үе гарвал найзуудтайгаа хамт авахуулсан зургуудаа хараад “Ийм гайхалтай залуустай хамт суралцаж байсан шүү дээ” гэж бодон урам, эрч хүч авдаг. Гурван жил маш хурдан өнгөрсөн нь бага зэрэг харамсалтай санагддаг. Заримдаа дахин нэг өдөр ч болов оюутан байсан үе рүүгээ буцах юмсан гэж бодогддог.


-Суралцаж байсан орныхоо соёл, хөгжлөөс ямар зүйлсийг илүүтэй анзаарч, онцолж харсан бэ?

-Хамгийн их онцолсон зүйл бол хүмүүсийн харилцаа, хандлага байсан. Тэнд хүмүүс маш найрсаг, хот нь цэвэрхэн, дэд бүтэц сайтай, тайван орчинтой байсан. Улаанбаатарт ирээд тэр орчинтой харьцуулахад сэтгэлээр унасан үе ч бий.


-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр залууст маш том боломж олгож байна. Энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буй дүү нартаа юу зөвлөмөөр байна вэ?


Энэ хөтөлбөрийг магтахаас өөр аргагүй. Яагаад гэвэл би дунд сургуульд сурч байхдаа тэтгэлэг гэдэг зүйл надад маш хол мэт санагддаг байсан. Хувийн сургуулийн сурагчид эсвэл олон жил бэлтгэгдсэн хүүхдүүд л тэтгэлэг авч гадаадад суралцдаг гэсэн ойлголттой байлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхдүүд сумаасаа шалгаран гадаадад суралцах боломжтой болсон. Иймд элсэлтийн шалгалтдаа сайн бэлдэж, өндөр оноо авахыг зорилгоо болгохыг зөвлөж байна. Ингэснээр хүссэн улс орондоо, сонгосон мэргэжлээрээ суралцах боломж нээгдэнэ.


Мөн гэрээний нөхцөлтэй сайтар танилцаж, бүрэн ойлгох шаардлагатай. Суралцаж төгсөөд орон нутагтаа ажиллах хүсэл, зориг байгаа эсэхээ нягталж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Учир нь аймгийн Засаг дарга болон Боловсролын зээлийн сантай гурвалсан гэрээ байгуулж, төгсөж ирсний дараа орон нутагтаа таваас доошгүй жил ажиллах нөхцөлийг тусгасан байдаг.


-Чиний хувьд сургуулиа төгсөж ирээд аймагтаа ажлын гараагаа эхлүүлж байна. Ажилд ороод удаагүй байгаа ч тодорхой ойлголт авсан байх?

-Орон нутгийн төрийн албанд олон улсын харилцааны чиглэлийн ажлын байр харьцангуй цөөн байдаг юм байна. Би 2025 оны 9 дүгээр сард Монголд ирээд таван сар гаруй хугацаанд ажлын байр хүлээсэн. Одоогоор Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж эхлээд удаагүй байна. Тэтгэлгийн зорилго маш зөв гэж бодож байна. Залуучууд хөдөө, орон нутагтаа ажиллаж, сурсан мэдсэнээ зориулах хэрэгтэй.

Тэтгэлгээр суралцаж ирснийхээ үр шимийг гаргаж, нутагтаа хувь нэмэр оруулахыг зорьж байна. Ажилд орсноор өөрийгөө илүү төлөвшиж, том хүн болж байгаагаа мэдэрсэн.


-Оюутан байхдаа төгсөөд хаана, ямар ажил хийх талаар бодож байсан уу?

-Суралцаж байх үедээ ажлын талаар бодож төлөвлөөгүй, хичээл ихтэй байсан. Чөлөөт цагаа найзуудтайгаа хөгжилдөж өнгөрөөдөг байсан бөгөөд тэр сайхан мэдрэмжээ удаан хадгалахыг хүсдэг байлаа.


-Суралцаж байх хугацаандаа ямар нэг асуудал, сорилттой тулгарч байв уу?

-Шинэ газар очсон тул эхэндээ олон зүйл мэдэхгүй байсан. Ялангуяа бичиг баримт, виз сунгалтын үед хүндрэл гардаг. Харин Польшид амьдарч буй монголчууд болон ЭСЯ-ны ажилтнууд маш их тусалж дэмждэг байсан.

Монголд оюутнуудыг заримдаа дутуу үнэлэх хандлага байдаг. Харин Польшид “Манай улсын ирээдүй, хойч үе” гэж үзэж, тэдэнд хэрхэн хандаж байгаагаас нь хувь хүний төлөвшил хамаарна гэсэн ойлголтоор хүндэтгэн, эелдгээр харьцдаг байсан. Энэ нь надад их сайхан санагдаж, “Ямар гоё хүмүүс вэ” гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг байлаа. Олон сайхан хүмүүсийн ачаар надад хүндрэл бэрхшээл тулгараагүй.


-Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авахын тулд хэрхэн бэлдэж байсан бэ?

-Би багаасаа хичээл хийх дуртай хүүхэд байсан. Хүүхдүүд чөлөөт цагаараа тоглож байхад би ихэвчлэн хичээлээ хийж суудаг байлаа. Манайх Бүрд суманд амьдардаг байсан ч ээж маань биднийг сайн сургуульд сургах зорилгоор хот руу нүүсэн. Аав хөдөө мал маллаж, ээж дүү бид гурав хотод амьдарч байсан.

Би 81 дүгээр сургууль буюу “Ирээдүй” цогцолборт 1-6 дугаар анги хүртлээ сурсан. Бага ангийн багш маань бидний суурийг маш сайн тавьж өгсөн учраас дараа нь Бүрд сумын сургуульд шилжсэн ч амжилттай үргэлжлүүлэн суралцсан Харин суманд ирээд О.Буяндэлгэр гэх англи хэлний сайн багштай болсон нь миний хэлний мэдлэгийг сайжруулахад том түлхэц болсон.

Би монгол хэл, бичгийн хичээлдээ их дуртай. Чөлөөт цагаараа хичээнгүй бичиг их хийдэг байсан. Мөн англи хэл, математикийн хичээлдээ ч сайн байсан тул ЭЕШ-даа 800 орчим оноо авсан.


-"Ковид-19" цар тахлын үе таарч байсан уу?

-Тийм шүү. Хонхны баяр хийгээгүй, монтаж ч байхгүй. ЭЕШ-д онлайнаар бэлдэж, шалгалтаа өгөхдөө бүгд амны хаалт зүүж, хоорондоо зайтай сууж байсан. Тухайн үедээ хүндрэлтэй санагдаж байсан ч одоо бодоход дурсамжтай, сайхан үе байжээ. Заримдаа дүү нартаа “Эгч нь тийм үед шалгалт өгч байсан” гэж ярьдаг. Ер нь ЭЕШ өгөх тэр мөч их онцгой, сайхан мэдрэмж төрүүлдэг үе шүү.


-Аав, ээж нь ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ? Одоо сумандаа мал малладаг уу?

-Аавыг Х.Эрдэнэбат, ээжийг Ч.Пүрэвсүрэн гэдэг. Бүрд сумын 2 дугаар багийн малчид. Манайх ам бүл тавуулаа. Дунд дүү маань МУБИС-ийн 3 дугаар дамжааны оюутан, харин бага дүү маань таван настай.


-Хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаарч дэмждэг вэ?

-Би их шартай хүүхэд байсан. Энэ занг маань аав, ээж минь зөв чиглүүлж хөгжүүлсэн. Хичээлийн амралтаараа олимпиадад бэлдэхийн тулд хөдөө явахгүй, зохион байгуулсан бүх олимпиадад оролцдог байсан. Ээж маань хэдэн цагаар ч хамаагүй үүдэнд хүлээж, идэх уух зүйл бэлдэн суудаг байлаа. Мөн хамрагдахыг хүссэн сургалт болгонд цааргалахгүй явуулна.


Ээж маань англи хэлний багш, орчуулагчаар сурч байгаад хөдөө малчин болоод ирчихсэн болохоор дүү бид хоёрыг мэдлэг, боловсролтой болгоход их анхаардаг. 


Эцэг, эхчүүд хүүхдээ зөвхөн багш, сургуульд даатгах бус, байнга хамтран ажиллаж, дэмжиж байж илүү сайн боловсролтой, зөв хүн болгон төлөвшүүлнэ гэж бодож байна.


-Тэтгэлэгт тэнцсэн мэдээг сонсоод аав, ээж тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Гадаадад сурах мөрөөдлийг минь байнга сонсож байсан тул аав, ээж минь нэг их гайхаагүй, “явах цаг нь болсон” гэж тайван хүлээж авсан.


-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-“Тийм дарга болно, ийм албан тушаалд хүрнэ, тийм хэмжээний орлого олно” гэсэн тодорхой зорилго надад байхгүй. Манай үеийнхэн тайван орчинд, сайхан хүмүүсээр хүрээлүүлэн, дуртай зүйлээ хийж, аз жаргалтай амьдрахыг илүү чухалчилдаг. Одоогоор ажлаа хурдан сурч, дадлагажихад анхаарч байна. Харин цаашид эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу дипломат албанд ажиллах хүсэлтэй.

- Ярилцсанд баярлалаа.

Related news