Өнгөрсөн онд мөсөн голууд хамгийн ихээр хайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-12 13:58:37

АНТАРКТИД, 2026 оны дөрөвдүгээр сарын 12 /Kazinform/. Австралийн Монаш их сургуулиас саяхан гаргасан мэдээлэлд дурдсанаар, 1975 оноос мөсөн голын хайлах явцыг судалж эхэлснээс хойш мөсөн гол хамгийн ихээр хайлсан 6 дахь жил нь өнгөрсөн 2025 он байжээ.  


“Хамгийн ихээр хайлсан бүх зургаан тохиолдол сүүлийн долоон жилийн хугацаанд бүртгэгдсэн нь байгалийн тогтолцоо хэрхэн хурдацтай өөрчлөгдөж буйг бэлхнээ илтгэж байна” хэмээн судалгаанд оролцсон Монаш их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Леван Тилизе онцлов.


“Nature Reviews Earth & Environment” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар, сүүлийн 10 жилийн хугацаанд мөс хайлах явц эрчимтэй хурдассаар мөсний массны жилийн дундаж алдагдал нь XX зууны сүүл үеийнхээс бараг дөрөв дахин нэмэгджээ. Энэ нь мөсөн гол хайлах үзэгдэл ямар түвшинд хүрсэн, уг үйл явцтай тэмцэх нь нэн тулгамдсан асуудал болсныг харуулж байна хэмээн Л.Тиелидзе ярилаа.


Дэлхийн хэмжээнд 1975 оноос хойш нийт 9,600 орчим гигатонн мөс хайлсан нь далайн түвшин 26 мм-ээр нэмэгдэхэд хүргэсэн бөгөөд мөснийи нийт алдагдлын бараг 80 хувь нь 2000 оноос хойших хугацаанд тохиосныг дээрх судалгаа харуулж байна.


Дэлхийн мөсөн голуудын ихэнх нь оршдог үндсэн 19 бүс нутагт 2025 онд дөрөв дэх жилдээ дараалан мөсний масс алдагдсаныг тайланд дурджээ. Ялангуяа Хойд Америкийн баруун хэсэг, Төв Европын бүс нутагт хайлах үзэгдэл хамгийн ихээр бүртгэгдсэн байна.


"Агаар хэм өчүүхэн өөрчлөгдсөн ч гэсэн хайлалтад нөлөөлдөг. Дэлхийн  дулаарлыг сааруулснаар мөсөн гол хайлах явцыг удаашруулж, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагаврыг багасгах боломжтой" хэмээн Л.Тиелидзе ярилаа.


Related news