2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
АНКАРА, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /Anadolu/. Хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хэрэглээний өсөлтийн улмаас усны нөөц шавхагдсанаар усны аюулгүй байдал нь дэлхий нийтийн өмнө тулгарах гол сорилтуудын нэг болно гэж Дэлхийн нөөцийн хүрээлэн (WRI) мэдээлжээ.
Тус байгууллагын урьдчилан таамаглаж байгаагаар 2040 он гэхэд Турк зэрэг дэлхийн 33 улс "усны маш өндөр стресс"-ийн бүсэд орох төлөвтэй байна. 167 улсыг хамруулан хийсэн судалгаагаар хүн амын өсөлт, хотжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны нөөц эрчимтэй хомсодсоор байгааг тус байгууллага анхааруулжээ.
Саяхан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ, ирээдүйд улс орнуудын хоорондох мөргөлдөөн газрын тосноос бус усны нөөцөөс болж үүсэж болзошгүйг анхааруулаад, усны стратегийн ач холбогдлыг онцолжээ.