ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сум “Суралцагч хот” хөтөлбөрийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 14 дүгээр
хуралдаанаар “Суралцагч хот” дэд хөтөлбөрийг баталж, 2028 он хүртэл
хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Сумын ЗДТГ-аас ЮНЕСКО-гийн “Суралцагч хот” сүлжээнд нэгдэх санаачилга гарган 2025 оны 5 дугаар сараас эхлэн иргэдийн насан туршийн суралцах боломжийг дэмжих, соёл, боловсролыг түгээх өдөрлөг, сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
Дэлхийн хотууд хэдий соёл, угсаатан зүй, өв уламжлал, нийгмийн бүтцээрээ ялгаатай ч ЮНЕСКО-ийн “Суралцагч хот” сүлжээнд нэгдсэнээрээ хүн бүрийг насан туршдаа суралцах, боловсрол эзэмших эрхээ эдлэх нөхцөлөөр хангаж, хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг өөрчлөлт бий болгодог шинж чанараараа нийтлэг байдаг.
2025 оны байдлаар суралцагч хотуудын сүлжээнд дэлхийн 91 улсын 356 хот нэгджээ.
“Суралцагч хот” дэд хөтөлбөрийн хүрээнд албан болон албан бус боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, амьдрах ухааны болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулах, Насан туршийн суралцахуйн төвийн хүний нөөцийг чадавхжуулах, аялал жуулчлал, соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэхчлэн долоон зорилтын хүрээнд 50 гаруй ажлыг төлөвлөөд байна.
Хөтөлбөрийг
Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ, аймгийн Насан туршийн суралцахуйн төв, төрийн болон
төрийн бус байгууллагууд, сонирхлын бүлгүүд, хувийн хэвшил, иргэд хамтран
хэрэгжүүлнэ.