ӨВӨРХАНГАЙ: Гэрийн модон урлалд шинэ өнгө төрх оруулсан "Уянга хийц"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-08 13:07:00

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өвөрхангайнхан модон сийлбэр, үйлдвэрлэл, урлалаараа эртнээс алдартай. Эртний Хархорум хот, Эрдэнэзуу хийдийг байгуулахад газар газрын алдартай дархчуулыг цуглуулж байсан нь өнөөгийн урлаачид үе тасрахгүй төрөн гарсны эхлэл юм.


1938 онд аймгийн Намын хорооноос шийдвэр гарч, үйлдвэрлэл эрхлэх есөн артелийг байгуулж байсан ба үүний нэг нь Сайн ноёны хүрээ, одоогийн Уянга сумын модон артель юм. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр хүрээ хийдийг улсын мэдэлд авч, лам хуврагууд малчин, ажилчин болж байсан бөгөөд Уянгын артельд олноороо ажилласан байдаг.


Тэд лам байхдаа бурхан шүтээний зураг зурдаг байсан нь гэрийн мод будахад шинэчлэл авчирч, “Уянга хийц” хэмээх брэндийг бий болгосон юм. Гэрийн тавилгын хээ эхэн үедээ дөрвөн хүчтэн, алхан хээ зэргээс бүрддэг байсан бол хожим байгалийн зураг, ан амьтныг зохиомжлон зурж эхэлжээ. Мөн улаан, улаавтар өнгийн дэвсгэр дээр түмэн наст, хатан сүйх, ланз, үүлэн, эвэр, өлзий гэхчлэн хээг өнгө тохируулан тавьснаар гэрийг гэгээлэг, өнгөлөг харагдуулдаг болсон байна.


Үүний зэрэгцээ гэрийн модыг чанартай хийж, Бат-Өлзий, Хужирт сумын үйлдвэрүүдэд түгээн дэлгэрүүлсэн бөгөөд улсын хэмжээнд Намын хороо, Гүйцэтгэх захиргаадын болон цэргийн дарга нарын гэр, морин өртөөний сууц, сонгуулийн байр зэрэгт Өвөрхангайн Уянга, Бат-Өлзийн хийцийн гэрийг захиалан авдаг болсон түүхтэй.







Related news