ӨВӨРХАНГАЙ: Самбо бөхийн УАШТ-д 648 тамирчин өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Өсөх идэр начин, гавьяат дасгалжуулагч,
хурандаа Д.Дашжамцын
нэрэмжит самбо бөхийн өсвөр үеийн улсын
аварга шалгаруулах тэмцээн Арвайхээр суманд энэ сарын 2-5-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд 17 аймаг, 15 клубийн 648 тамирчин оролцож, эрэгтэй, эмэгтэй төрөлд 36 жингээр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Энэ жил самба бөхийн өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек улсад болох бөгөөд энэ удаагийн тэмцээнээс шалгарсан шилдэг 20 тамирчин олон улсын тэмцээнд оролцох эрхээ авч байна.

Гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул. Тэрбээр 1975 онд “Хүч” нийгэмлэгт тамирчин болж, самбо, жудо, үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажилласан байна. 1998 онд “Хилчин” бөхийн клубийг байгуулж, спортын чиглэлээр улам өргөжүүлжээ.
Түүний шавь нараас нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 3, гавьяат тамирчин 8, олон улсын хэмжээний мастер 80, дархан аварга 1, улсын аварга 2, арслан 2, гарди 1, заан 10, харцага 5, начин 50 гаруй, аймаг, цэргийн болон сумын цолтон 400 гаруй төрөн гарсан байна.
Өвөрхангай аймагт 12 жилийн дараа болж буй самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын самбо бөхийн холбоо, аймгийн ЗДТГ, БТСГ, “Хилчин” спорт хороо, Өвөрхангай аймгийн Самбо бөхийн холбоо, Өлзийт сумын ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран зохион байгууллаа.