ӨВӨРХАНГАЙ: Хүнсний салбарынхан үнийн өсөлт, зээлийн хүртээмж муу байгааг шүүмжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-03 20:00:03

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар салбар дундын тандалт арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.


ХХААХҮЯ-наас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Нэг эрүүл мэнд-Хүнсний аюулгүй байдал” төслийн хүрээнд дээрх үйл ажиллагааг зөвхөн Өвөрхангай, Дорнод, Хэнтий аймагт зохион байгуулж байна.


Аймгийн ЗДТГ, ХХААГ-аас дэмжин оролцож, хүнс үйлдвэрлэгч, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагын төлөөлөл бүхий 60 гаруй хүнийг хамруулан салбарын бодлого, үйл ажиллагаа, орон нутгийн тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл хүргэлээ.



Аймгийн хэмжээнд 1037 цэгт буюу хоол үйлдвэрлэл 325, хүнсний худалдаа 424, хүнсний үйлдвэр 112, мал үржил 38, ургамал хамгаалал, таримал ургамал үр сортын 138 нэгж үйл ажиллагаа явуулж байна.


Тус аймгийн ХХААГ-аас 2025 онд хүнсний салбарт 816 удаа хяналт, шалгалт хийж, заавар зөвлөмж өгсөн ба 900 орчим иргэнийг оролцуулан 25 удаагийн сургалт хийжээ. Хүнсний үйлдвэрлэлээр 75, ургамлын гаралтай хүнс 19, хоолны 33 дээжийг лабораториор шинжлүүлсэн бөгөөд 30 нэгжээс 55 төрлийн 2202 эд зүйлийг хураан авч устгалд оруулсан байна.


Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд бодлогын түвшинд дараах асуудлууд тулгамдаж байгаа юм. Цахилгаан, шатахуун, тээвэр, түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалан орон нутгийн үйлдвэр, цехүүд хэвийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учирч байна. Татвар, НДШ-ийн бодлого аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэж байгааг, ажилтнуудаа цалинжуулж чадахгүйд хүрснийг, хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, эх үүсвэр хангалтгүй, банкны шалгуур өндөр, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр байхгүй зэрэг асуудлыг тус салбарынхан хэллээ.

“Хүнсний томоохон сүлжээ дэлгүүрийн салбарууд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримтладаггүй, бүтээгдэхүүн борлуулалтын тооцоог 45-50 хоногт нэг удаа хийж, эргэлтийн хөрөнгийг нь  түгждэг” гэлээ.



Мөн томоохон сумдын хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэнд улсын байцаагчийн эрх  олгох, байцаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, гадаад дотоодын сургалтад үе шаттай хамруулах, сумдад ажиллах шатахуун, томилолт дутмаг байгааг холбогдох байгууллагаас мэдээлэв.


Хүнсний түүхий эдээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх шат дамжлага нь цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдэлгүй бүтээгдэхүүнээр хүн амыг хангах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байгааг хэлэлцүүлгээр онцоллоо.

 

Related news