ӨВӨРХАНГАЙ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан шилдэг байгууллагыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-03 16:32:02

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 4 дүгээр сарыг дэлхий даяар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, ГБХНХЯ-наас сарын аяныг зохион байгуулдаг уламжлалтай.


Аймгийн ХХҮГ-аас “Ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрүүл мэндийг бүрдүүлцгээе” уриан дор аяныг эхлүүлж, “Аюулгүй хөдөлмөр эрхлэлт, тогтвортой ажлын байр-2026” хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хамтатган зохион байгуулж байна.


“Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуй, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийн талбар бүрд, ажил олгогч, ажилтан хоёрын дунд үүсэж буй бүх харилцаанд яригдах ёстой зүйл” хэмээн аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав онцлон хэллээ.


Аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг “Хөдөлмөр эрхлэлт байгаа газар заавал хөдөлмөрийн аюулгүй байдал байх ёстой. Энэ хоёр бол нэгдмэл ойлголт учраас нээлтийн үйл ажиллагааг хамтатган зохион байгуулж байна. Өнгөрсөн жил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажилд 20 орчим сая төгрөг зарцуулсан бол энэ жил бууруулчихгүйг хичээн ажиллаж байгаа” гэсэн юм.



Аяны нээлтэд 16 байгууллага оролцож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны танилцуулга, зөвлөгөө, мэдээлэл, Нээлттэй ажлын байрны зар, ажил хайгч иргэдийг бүртгэх, “Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ” сэдэвт үзэсгэлэн зэргийг зохион байгууллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан аж ахуйн нэгж, байгууллагыг ирэх 10 дугаар сард шалгаруулах юм.

 

Related news