ӨВӨРХАНГАЙ: Хүүхдийг хотын соёлтой иргэн болгон төлөвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-31 14:35:31

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар “Хотын соёл” хөтөлбөрийг шинэчлэн баталж, 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр боллоо.


Урьд нь тус хөтөлбөрийг сумын ИТХ-ын 2020 оны 12/01 дүгээр тогтоолоор баталж, 2021-2022 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд багачуудын заавал судлах хичээлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж ирсэн юм.


Хөтөлбөрийг хангалттай сайн хэрэгжиж чадаагүй хэмээн үзсэн учир өнгөрсөн 3 дугаар сард шинэчлэн баталж, хэрэгжилтийг эрчимжүүлэх шийдвэрийг гаргажээ. Хөтөлбөрийн зорилго нь хүүхэд багачуудад төрөлх хотоо хайрлах, түүх соёлыг нь мэддэг байх, байгаль орчноо хайрлан хамгаалж, хоггүй цэвэр орчинд суралцах зөв хандлагатай, хотын соёлтой иргэн болгон төлөвшүүлэхэд орших бөгөөд ЕБС, СӨББ-ын хүүхдүүд хамрагдах юм.


Хөтөлбөрт “Төрөлх нутаг-Миний бахархал” танин мэдэхүйн хичээл зааж, орон нутгийн музей, дурсгалт газар, хөшөө дурсгалын танин мэдэхүйн аялал хийх, “Соёлч анги”, ”Соёлтой сурагч” аян зохион байгуулж, шилдэг анги, сурагчийг шалгаруулах, монгол ёс уламжлалыг сурталчилсан ажил зохион байгуулах зэргээр таван зорилтын хүрээнд 30 гаруй заалтыг тусгасан байна.  


2025 оны жилийн эцсийн байдлаар Арвайхээр суманд 10752 өрх, 38064 хүн ам оршин сууж байна. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэд 15473 буюу нийт хүн амын 40 хувийг эзэлдэг. 2025-2026 оны хичээлийн жилд Арвайхээр сумын ерөнхий боловсролын зургаан сургуульд 11702 хүүхэд суралцаж байна.

Related news