ӨВӨРХАНГАЙ: Ахлах ангийн найман сурагч Герман улсыг зорино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-30 19:50:56

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн “Номын гүүр” англи хэлний сургалтын төв нь ХБНГУ-ын Бавари мужийн Эрлангин хотын Фраконион ахлах сургуультай хамтран “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийг гурав дахь удаагаа зохион байгуулж байна.


Энэ жилийн хөтөлбөрт Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1, 4 дүгээр сургууль, Мэргэд лаборатори болон Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 9-11 дүгээр ангийн найман сурагч шалгарч, Герман улсыг зорихоор болжээ.

Аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг тэдэнтэй уулзаж, Герман улсад сурч мэдсэнээ үе тэнгийнхэндээ түгээн дэлгэрүүлэхийг захин амжилт хүсээд орон нутгаас үзүүлж буй мөнгөн дэмжлэгийг гардууллаа.


“Сурагч солилцооны хөтөлбөр”-т англи хэлний мэдлэгийн түвшин, удирдан манлайлах чадвар, сайн дурын ажилд идэвхтэй оролцдог байдлаар нь шалгаруулан сонгодог. Шалгарсан багш, сурагчид 14 хоног герман гэр бүлд амьдарч,  “Франконеон” ахлах сургуульд суралцан  түүх соёл, зан заншил, хөгжил дэвшилтэй нь танилцдаг байна. Тус хөтөлбөр Өвөрхангай аймагт 2018, 2024 онд хэрэгжиж байсан юм. 

Related news