БАЯНХОНГОР: Гамшиг ослын үеийн байгууллага хоорондын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2026-03-26 09:53:01
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Гал түймэр унтраах тактикийн дадлага, сургууль”-ийг аймгийн Онцгой байдлын газраас энэ сарын 25-нд "Номун далай" цогцолбор сургуульд зохион байгууллаа.

Дадлага, сургуульд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 60 ажилтан албан хаагч, 730 сурагч, 30 багш, гал түймэр унтраах болон тусгай зориулалтын шуурхай албаны 11 авто машин, техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшиг ослын үеийн байгууллага хоорондын салбар харилцан ажиллагааны тактик боловсруулж, бэлтгэл бэлэн байдлыг шалгасан байна.
Энэ удаагийн “Гал түймэр унтраах тактикийн дадлага, сургууль”-ийн онцлог нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн объектод газар хөдлөлтийн гамшгийн үед гарсан гал түймрийг унтраах, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахад чиглэжээ.

Тактикийн дадлага, сургуулийг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Баянхонгор-Эрчим хүч ЦТХХК, Чандмань-Баянхонгор ХХК, ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулав.