ДАРХАН-УУЛ: Наурызын баярыг анх удаа нээлттэй, өргөн дэлгэр тэмдэглэлээ

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2026-03-23 11:57:57

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Наурызын баяр гурван аймгийн иргэдийг хамруулсан өргөн дэлгэр боллоо. Дархан хотын 65 жилийн түүхэнд анх удаа бүсийн хэмжээнд нийтийг хамарсан, нээлттэй бүрэн хэмжээний урлагийн тоглолт, үндэсний онцлогийг харуулсан хөтөлбөртэй зохион байгууллаа. Өмнө нь Дархан, Хонгор, Шарын гол сумын казах иргэд соёлын төвд тэмдэглэдэг байсан юм. 


Баярын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн иргэдээс гадна Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант, Түнхэл тосгон болон Төв аймгийн Батсүмбэр сумаас оролцогчид ирж, Наурызын баярыг Найрамдал талбайд тэмдэглэв. Урлагийн тоглолттой зэрэгцэн үндэсний хувцас, хэрэглэл, идээ, ундааны үзэсгэлэн, казах биелгээ, бүргэдийн үзүүлбэр, морьт харваа, тойром бүжгийн үзүүлбэрүүдийг толилуулан хурсан олныг цэнгүүллээ.


 




Кекбар буюу тулам булаалдах үзүүлбэр иргэдийн сонирхлыг татаж, уухайн дуутай хамт эрч хүчтэй өрнөв. Харин үндэсний хувцсаараа ижилссэн Кыз куар буюу хосын үзүүлбэр үзэгчдийн мэлмийг баясгав.


Энэ өдөр Дарханы иргэдээс гадна гадаадын жуулчид, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймгийн нийт 3000 гаруй хүн Найрамдал талбайд хүрэлцэн ирж, баярын үйл ажиллагааг үзэж сонирхлоо.



Нарны баярыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдинням, УИХ-ын гишүүн, Соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд Чинбатын Ундрам, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, "Цаст алтайн бүргэдүүд" ТББ хамтран зохион байгууллаа.