ӨВӨРХАНГАЙ: Шуурч байгаа ч замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нийт нутгаар цас орж, шуурч байна. Өглөөний 05:00 цагаас эхэлсэн цас 20:00 цагт зогсоно гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сант, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан суманд салхи секундэд 15 метрийн хурдтай буюу аюулт үзэгдлийн хэмжээнд, бусад суманд секундэд 8-13 метр хүрч шуурч байна. Хот хоорондын замд явган шуурга ажиглагдаж байгаа ч хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Гэвч тээврийн зорчих хэсэгт цас хайлж, шөнөдөө мөсжилт үүсэхээр байгааг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-иас анхаарууллаа.
Агаарын температур шөнөдөө 12-17
градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Цаг агаар цаашид энэ сарын 18-ныг хүртэл
тогтуун байна.