ӨВӨРХАНГАЙ: Хархорум хотод Японы дэвшилтэт технологи бүхий зөөврийн сууцыг туршиж нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-12 17:22:54

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа Хархорум хотын бүтээн байгуулалтын хүрээнд Япон улсын компаниудтай хамтран зөөврийн орон сууцны туршилтын төслийг эхлүүллээ.


“Marutomi Tissue LLC” тэргүүтэй дөрвөн компани шинэ Хархоринд ази, европын орнууд руу экспортолдог, хүйтэн уур амьсгалд тохиромжтой, угсрахад хялбар, олон зориулалтаар ашиглах боломжтой амины орон сууц, зөөврийн байшинг суурилуулж, цаг уурын нөхцөлд тохиромжтой эсэх болон чанарыг нь туршин шалгах ажлыг эхлүүлэхээр болжээ.


Шинэ Хархорум хотыг байгальд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан орчин үеийн хот болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд хоёр тал Япон улсын барилгын салбарын өндөр стандарт, инновац технологийг туршин нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.


"Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Япон хоёр улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, цаашдын хөрөнгө оруулалт, технологи солилцооны суурийг бэхжүүлэх чухал алхам болж байна” гэж Хархорум хотын захирагч Л.Халтар болон Япон улсын Кюүшүнэт хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Нямаа Кацүяа нар ярилаа.


Талууд цаашид Монгол улсад зөөврийн орон сууцны үйлдвэр байгуулах, инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахад санал нэгдсэн байна. 

Related news