ӨВӨРХАНГАЙ: Автай сайн хааны дүүгүүрийн чулуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-11 15:52:35

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭӨвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс баруун тийш 40 орчим км-т Уурагтын ам хэмээх газарт оршдог 100 кг гаруй жинтэй ганц чулууг ийнхүү нэрийддэг.


Ард олны дундах аман яриагаар Автай сайн хаан уг чулууг Ар хятруун хэмээх үзэсгэлэнт төгөлдөр уулсын нуруун дээрээс 20 орчим км зайд дүүгүүрдэж байсан хэмээдэг. Мөн Автай сайн хаан энэ чулууг зэрлэг сарлаг, үхрийг эдэлгээнд гаршуулан сургахдаа ашиглаж байсан гэх домог ч бий.


Юутай ч баяр наадмын өмнө нутгийн хүчтэнүүд зорин очиж чулууг өргөн хүч, бяраа сорьдог уламжлал тогтжээ. Хэрвээ дүүгүүрийн чулууг өвдөгнөөс дээш өргөж чадвал хөрөнгө чинээтэй болно гэж бэлгэшээн ярьдаг.


Ташрамд, Автай сайн хаан 1554-1588 оны хооронд амьдарч байсан бөгөөд Гэрсэнз Жалайр хунтайжийн гурав дахь хүү, Онохуй Үйзэн ноёны ууган хөвүүн юм. Эрэлхэг зоригтой, дайчин баатар байсан тул Халхын долоон хошууг захирч, орд өргөө нь Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорумд байрладаг байв.


Тэрбээр Далай лам Содномжамцтай уулзан 1585-1586 онд Эрдэнэзуу хийдийг байгуулж байжээ. 

Related news