ӨВӨРХАНГАЙ: Сурагчид цэрэг, эх орны сэдвээр мэдлэгээ сорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний түүхт 105 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн Цэргийн штаб, Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбар, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Өвөрхангай аймаг дахь салбар хамтран сурагчдын дунд “АХА” тэмцээн зохион байгууллаа.
Батлан хамгаалах бодлогыг сурталчлан таниулах, өсвөр үеийнхэнд цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд Арвайхээр сумын ерөнхий боловсролын зургаан сургуулийн 6-9 дүгээр ангийн 70 орчим сурагч оролцож, цэрэг, эх орны сэдвийн хүрээнд мэдлэг, оюунаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний шилдгээр “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийн 9а ангийн сурагч Г.Даажамба шалгарч, “Тэмүүлэл эрдэм” сургуулийн 9а ангийн сурагч Ц.Гомбожав, Х.Ширмэнхуяг нар удааллаа. Сурагчид аймгийн Музейн үйл ажиллагаа, “Генералуудын танхим”-ын үйл ажиллагаатай танилцав.
Цэргийн штабаас “Цэрэг эх оронч хүмүүжил олгох танхим”-ыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуульд тус тус байгуулж, аймгийн хэмжээнд нийт есөн танхимаар дамжуулан сурагчдад батлан хамгаалах байгууллагын түүх, үйл ажиллагааг сурталчилж байна.