ӨВӨРХАНГАЙ: Сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлснээр уурын зуухны хэрэглээг багасгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Уурын
зуухнаас гарч буй утааг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь
чухал болохыг УИХ-ын гишүүн
М.Энхцэцэг танилцууллаа.
Тэрбээр Эрчим хүчний яам, Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран “Сэргээгдэх эрчим хүчний танилцуулга, үзэсгэлэн”-г зохион байгуулж, ногоон эдийн засаг буюу сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжих, импортын хараат байдлыг бууруулах зорилгоор УИХ-аас баталсан тогтоол, Засгийн газрын журмыг иргэдэд танилцуулсан юм.
Үзэсгэлэнд нарны цахилгаан үүсгүүр, хуримтлуур, дулааны насос зэргийг угсардаг, нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд болон арилжааны банкууд оролцож, нарны системийг сүлжээнд холбох, эрчим хүчээ хэмнэх, илүүдэл цахилгаанаа зарж, орлого олох, ногоон зээл авах талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

“Сэргээгдэх эрчим хүчийг эрчимжүүлэх тогтоолын нэг зорилго нь аймаг, сумдын уурын зуухны янданг цөөлөх явдал юм. Айл өрхөд дунджаар 10 кВт нарны панел тавихад 17 сая төгрөг шаардагдана. Илүүдэл цахилгаанаа борлуулснаар жилд 4-5 сая төгрөг олж, хөрөнгө оруулалтаа 3-4 жилд нөхөж авах боломжтой. Цэвэр, аюулгүй орчинд амьдрах, нийгэмд ээлтэй бизнес эхлүүлэхийг хүсвэл сэргээгдэх эрчим хүчийг сонирхоорой. Аймаг, сумд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан уурын зуухнаасаа салах хэрэгтэй” хэмээн УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ярилаа.
Сэргээгдэх эрчим хүчний зонхилох эх үүсвэр нь нар, салхи, ус, газрын гүний дулаан бөгөөд хэзээ ч шавхагдахгүй, байгаль орчинд ээлтэй гэж тооцогддог. Аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж “10 кВт нарны панел суурилуулж буй 100 айлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэлээ.