Орхон аймагт сэтгэцийн эмгэгтэй 1350 орчим иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 15:43:00

“Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих дэлхийн өдөр”-ийг Орхон аймаг “Сэтгэцийн өвчтэй иргэний нэр төрийг хамгаалах” сэдвийн хүрээнд тэмдэглэлээ.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төв жил бүрийн аравдугаар сарын арванд уг өдрийг тэмдэглэж сэтгэцийн эрүүл мэндийн талаар сургалт, сурталчилгаа явуулдаг юм. Үүний хүрээнд сэтгэцийн эмгэгтэй өвчтөний ар гэрийхнийг зөвлөгөө, мэдээллээр хангаж харин эмч нарт ийм төрлийн өвчтөнийг ялгаварлахгүй байхад анхаарах сургалт хийлээ. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт зориулж “Сэтгэцийн эмгэгтэй өвчтөний нэр төр, эрхийг нь хамгаалах” чиглэлээр хууль эрх зүйн сургалт явуулсан юм. Орхон аймагт энэ оны байдлаар сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй 1350 иргэн байна. Сэтгэцийн эмгэг нь архинд донтох, уур бухимдал, архаг ядаргаа, сэтгэл гутрал зэргээс үүсдэг юм. Үүнээс архинд донтох, стрессээс үүдэж өвчилсөн нь Орхон аймагт давамгайлж байна. Монгол Улсын хүн амын дундах  өвчлөлийн 10 хувь нь сэтгэцийн эмгэг гэсэн оноштойгоор бүртгэгджээ.

2012 оны 9-11 дүгээр сарын хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Улаанбаатар хотын 5 дүүрэг, 11 аймагт тархвар судалгаа хийжээ. Судалгааны дүнд сэтгэл түгших 18.8, архаг ядаргаа 11.2, архинд донтох 9.9, сэтгэл гутрал 4.4, стресс 17.1 хувьтай гарчээ. 1991-1995 онд хийгдсэн судалгаанаас харахад өссөн үзүүлэлттэй байгаа нь манай улс сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр маш бага ажил хийдэгтэй холбоотой гэж мэргэжлийн эмч нар хэлж байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Related news