"Намаг"-ийн дов толгод бүхэн миний аавыг үгүйлж байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аав минь “Гэртээ ганцаар сууснаас малынхаа захад
байсан нь дээр” гээд жилийн дөрвөн улирлыг эс ялган гол усыг хөл нүцгэн туулж, малын
араас хөөцөлддөг хүн байсан юм.
Асган булаг руу орсон үхрээ гаргах гэж хаврын тэргүүн сарын хага ташсан харзны усыг туулжээ, бүр мөс цөмөлж, мөр гаргаж, голд унасан хүний, өөрийн үхэр адууг гаргалаа гэх аавын тухай яриа манай нутгаар тасрахгүй.
Яндан түгжигнэсэн хаврын урт өдрүүдэд би үхэртээ явсан аавыгаа их хүлээнэ. “Хаврын тэнгэрийн ёозгүй ааш дулаан гэртээ суугаа намайг ч жихүүцүүлж байхад задгай талын нүдгүй хавсарганд ганцаархнаа яаж яваа бол доо” гэж санаа зовон хүлээдэг байсан хөндүүрлэл цээжний мухарт амьд оршсоор л байна.
Саяхан, яг тийм яндан түжигнүүлсэн өдөр “Намаг” (сумын төвийнхний мал бэлчдэг газар) ороод ирлээ. Аавгүй намаг. Эзэнгүй, эрэл сурлын учиггүй болсон намаг. Одоо зөвхөн би биш, олон хүн аавыг минь үгүйлж байгаа. Бүр ижил дасал болсон мал сүрэг, намгийн дов толгод бүхэн үгүйлж байгаа. Аж төрсөн орон ахуй эгэл ч үгүйлэгдэх орон зай нь энгүй их. Аав минь үнэ цэнтэй амьдарчээ.
Д.Пүрэвсүрэн Өвөрхангай
аймгийн Бат-Өлзий сумын уугуул