О.Пүрэвдорж: Хариуцлагатай, стратегийн ач холбогдолтой уул уурхайг дэмжин ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-05 17:05:45

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Өвөрхангай аймгаас баримталж буй бодлого шийдвэр, цаг үеийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар аймгийн Засаг дарга О.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Орон нутгийн хөгжлийг бүс нутгаар нь авч үздэг болсон. Манай аймаг бүсийн хэмжээнд юуг голлон хөгжүүлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Өвөрхангай аймаг хангайн бүсэд орж байгаа. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг буюу хангайн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг Засгийн газраас тогтоож өгсөн. Нэгдүгээрт; уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлэх, хоёрдугаарт; аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, гуравдугаарт; шинэ Хархорум хотыг дагасан бүтээн байгуулалт хийхэд аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн бодлого барьж, хувийн хэвшлийг дэмжин ажиллана.


Тус аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн нэг 1.1 их наядад хүрсэн. Үүний 50 орчим хувийг хөдөө аж ахуй, тэр дотроо мал аж ахуй эзэлж байна. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний салбар 33 хувь, аж үйлдвэрлэлийн салбар 17 орчим хувийг эзэлдэг.


Тиймээс бид мал аж ахуйн салбараа дэмжсэн бодлогыг цаашид үргэлжүүлэн авч явах ёстой юм. Энэ жил малынхаа тоогоор улсад хоёрдугаарт жагслаа. Өнгөрсөн намар малчид хоёр сая толгой малыг зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулсан. Одоогоор Иран, ОХУ, БНХАУ руу мах гаргадаг аж ахуйн нэгжүүдтэй гэрээлэн бэлтгэсэн махаа экспортолж байгаа. Тэгэхээр арьс ширийг дотооддоо боловсруулах, олон улсын стандартад нийцсэн хөх ширийг бэлтгэх, дэлхийн зах зээлд нийлүүлэх зэрэг асуудлыг хувийн хэвшилтэйгээ хамтраад шийдвэрлээд явна. Хэдийгээр аймагт мах, ноос, арьс ширний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч малын гаралтай түүхий эдийн үнэгүйдэл малчдын тулгамдсан асуудал хэвээр байна.


Дараа нь аялал жуулчлал, хувийн хэвшил, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийг дэмжин ажиллана. 2025 онд аялал жуулчлалын 13 үйл ажиллагааг зохион байгуулсан. Зарим иргэн ямар их баяр тэмдэглэдэг юм, баярлахаас өөр ажил хийсэнгүй гэж сошиалд бичиж байсан ч энэ нь аялал жуулчлалыг дэмжиж, бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх арга юм.

Өндөр гэгээний даншиг наадмыг дөрвөн өдөр зохион байгуулахад аймгийн худалдаа, үйлчилгээний салбарт дунджаар таван тэрбум төгрөг орж ирсэн. “Арвагар хээр-Адууны баяр”-ыг хоёр өдөр тэмдэглэхэд 1.8 тэрбум төгрөг, насанд хүрэгчдийн гар бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр 500 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Үр ашгийг нь бизнес эрхлэгчид ингэж хүртдэг. Цаашид бид Адууны баяр, Тэмээний баяр, Сарлагийн баяр, Эсгийний баяр, “Karakorum Ice Festival” мөсний баярыг сайн зохион байгуулалттай, тогтмол хийж хэвшүүлнэ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны аялал жуулчлалын цагалбарт нь оруулаад дэлхийд сурталчилж чадах юм бол гадаад, дотоодын маш олон жуулчныг татна. Энэ хэрээр иргэн, аж ахуйн нэгжүүд тодорхой ашиг орлоготой байж, ажлын байр нэмэгдэх юм. Ер нь аль ч улс оронд хувийн хэвшил нь ашиг орлого, хүчин чадал сайтай байж, тэр улсын зах зээл тэлж хөгждөг зарчимтай.

 

-Манай аймаг төсвийн хувьд бие даах зорилготой байгаа. Үүнд хэрхэн хүрэх вэ?

-Монгол Улсын голомт нутаг, Өврийн сайхан хангай нуаг маань хөгжлөөрөө тэргүүлэгч аймгуудад багтдаг. Гэвч улсаас татаас авдаг хэвээр байна. Төсвийн хувьд бие даасан зургаан аймаг байгаа. Бусад нь бүгд улсын төсвөөс татаас авдаг.

Энэ оны байдлаар Өвөрхангай аймаг жилд 40 орчим тэрбум төгрөгийн орлогыг өөрсдөө олж, улсын төсвөөс 21.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч байна. Нийтдээ 62 тэрбум төгрөгийн төсөвтэй аймаг. Гэтэл Өмнөговь аймгийн жилийн төсөв нь нэг их наядаар яригдаж байна. Тэнд том том бүтээн байгуулалтыг өөрсдийн хөрөнгөөр хийдэг. Мөн Булган аймаг төсвийн хувьд бие даагаад эхэлж байгаа. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт усаа зарж, жилд 35-40 тэрбум төгрөгийг зөвхөн уснаасаа олдог. Дундговь аймаг гэхэд 90 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй.


Үндсэндээ стратегийн ач холбогдол бүхий томоохон уул уурхайтай аймгууд төсвийн хувьд бие дааж байна. Монгол улсын төсвийн бараг 80-90 хувь уул уурхайгаасаа хамааралтай. Тэгэхээр бид хариуцлагатай, стратегийн ач холбогдолтой, томоохон уул уурхайг дэмжиж, орон нутгийн төсвийн орлогоо нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа. Манай “Баянтээг” ХК-ийн нүүрс 105.9 сая тонн нөөцтэй нь тогтоогдсон. Тус уурхайн 70 хувь нь орон нутгийн өмч. 


Тиймээс Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд биржээр гадаад зах зээлд нүүрс борлуулах ажлыг эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Үүнээс гадна хангайн бүсийн гурван аймгийн дулааны станц ашиглалтад орохоор Баянтээгээс нүүрсээ авна. Дотоод худалдаанд жилдээ нэг сая тонн нүүрс борлуулах боломжтой болж байгаа юм. Стратегийн ач холбогдолтой томоохон өөр орд юу байна, түүнийг давхар судална.



Хоёрдугаарт, манай аймагт аялал жуулчлалын 33 бааз, 80 гаруй гэр бааз байна. Гэтэл дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэлтэй, татвараа тэнд төлдөг. Өвөрхангай аймгийн үзэсгэлэнтэй байгаль, түүх, соёлын асар их өв хадгалагдсан энэ ариун дагшин нутагт үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байгаа хэрнээ өөр газар татвар төлдөг нь зарчмын хувьд байж боломгүй.

Тэгэхээр бид энд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн харьяаллыг Өвөрхангай аймагт шилжүүлж, ашиг, орлого олж байгаа бол татварын орлогоо тухайн сум, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг байх саналыг тавина.


Шийдэлд хүрэхгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэг чиглэл өгөөд явна. Гуравдугаарт, бид Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг Өвөрхангай аймагт ирж ажиллахыг урьж байгаа. Өлөн, арьс шир гэхчлэн дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цехүүдийг урьж мал аж ахуйн үйлдвэрлэлийг кластр хэлбэрээр хөгжүүлэх юм. Үүний тулд татварын хөнгөлөлт эдлүүлэх асуудлаар УИХ, Засгийн газрын түвшинд саналаа тавьсан.

Эдгээр асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргаад, сум орон нутгийнхаа удирдлагууд, баялаг бүтээж буй иргэн, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран хэрэгжүүлээд явна. Ер нь 2028 он гэхэд эдийн засгийн хувьд бие дааж эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. 



-Арвайхээрийг Тээвэр логистикийн төв болгох талаар олон жил ярьж байгаа. Энэ зорилт хэзээ эхлэх вэ?

-Зам тээврийн хөгжлийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай аймагт тээвэр логистикийн төв барихаар 2022 онд судалгааны ажил хийсэн.

Тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дотроо мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээний алдагдлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн эцсийн хэрэглэгчид очих махны өртгийг бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа.


Одоогоор Арвайхээр сумын хуучин цагаан хаалганы ойролцоо 20 га газрыг төлөвлөж, хангайн бүсийг барилгын материалаар хангах төв байгуулахаар зураг төслийг хийж байна.

Нэг ёсондоо төрөөс газрыг үнэ төлбөргүй шийдэж өгч, харин хувийн хэвшлүүд барилгын материалын бүх төрлийн худалдаа, үйлчилгээг явуулах юм. Өөрийн төдийгүй бүсийн аймгууд, цаашлаад баруун аймгуудыг хангах тээвэр логистикийн төв болно. Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үүнд анхаарч ажиллаж байгаа.

 

Related news