“Бид Монголоороо бахархдаг” монгол бичиг соёлын үзэсгэлэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-11-25 16:59:18

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдөр болон Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110  жилийн ойд зориулан “Бид Монголоороо бахархдаг” монгол бичиг соёлын үзэсгэлэнг өнөөдөр Дархан-Уул аймгийн Нутгийн удирдлагын ордноо зохион байгуулж байна.

Хүн төрөлхтний бичиг соёлын давтагдашгүй өв болсон Монгол Үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх судлан сурталчлах, Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдийн гар бичвэрүүд болон түүхэн ном судар, утга зохиол яруу найргийн шилдэг бүтээлүүдтэй танилцуулах, Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой тус үзэсгэлэнд олон сонирхолтой уран бичвэрүүдийг дэлгэн тавьжээ. Тухайлбал Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн Үлэмжийн чанар, өвгөн ноён Пүрэвжавын “Шулуун журам” хэмээх хурдан морины заслын судар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн Тусгаар тогтнол, Чингис шүлгүүдийн уран бичвэрүүд олны хүртээл болж байна.

Эдгээр уран бичвэрүүдийг 30 дугаар сургуулийн сургалтын менежер Ж.Эрхэмсайхан өөрийн гараар бүтээсэн байна. Мөн үзэсгэлэнд их зохиолч Д.Нацагдорж, В.Инжинаш, Б.Явуухулан, Ш.Гүрбазар, Ц.Бавуудорж нарын алдарт бичгийн эрдэмтдийн гар бичвэрүүдийг дэлгэхээс гадна  түүх, утга зохиолын ховор 30 гаруй ном, бичгийн гэрийн дөрвөн эрдэнэ болох бийр, бэх, муутуу, янтай, хувь хүмүүсийн нэрийн тийз, мутрын дардсан төрөл зүйл зэргийн бэлгэдэл зориулалт, хэрэглээг олонд танилцуулсан юм.

Н.Туяа

Related news