Ж.Чинбүрэн: Иргэн бүр аймагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг байх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-04 18:17:06

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хангайн бүсэд ажиллаж байна. Тэрбээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзалт хийж, мэдээлэл өгсөн юм.


-Өвөрхангай аймгийн хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдалтай танилцлаа. Юуг зөвлөж хэлмээр байна вэ?

-Улсын хэмжээнд нас баралтын гол шалтгаан нь хорт хавдар байгаа. Үүнийг бууруулах нь эрүүл мэндийн салбарын гол зорилт юм. Монгол улс 2012 оноос эмэгтэйчүүдийн умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийг хэрэгжүүлж ирсэн. Хорт хавдрын өвчлөлийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зөв зохистой, зохион байгуулалтай хүргэх нь чухал. Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинэчлэл хийх түүхэн шийдвэр гаргаж, Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжсэн.


Энгийнээр хэлбэл, өвдсөн иргэдэд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний тогтолцоог Эрүүл мэндийн даатгалын сангаар зохицуулж байна. Харин нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр буюу нийт хүн амыг хамарсан өвчлөлийг бууруулах бодлого хэрэгжүүлэх, эрсдэлийг урьдчилан илрүүлж эрт сэрэмжлүүлэх, аливаа халдварт өвчин дэгдэх үед шуурхай арга хэмжээ авах үүрэг бүхий “Өвчний хяналт, сэргийлэлтийн тогтолцоо” гэх бие даасан, цогц бүтэц ажиллах юм. Ингэснээр нэг талаас эмчилгээний үйлчилгээ тогтвортой санхүүжих, нөгөө талаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний чадавх бэхжих нөхцөл бүрдэнэ.


Дэлхийн олон улс энэ тогтолцоогоор ажиллаж, “гал гарсан хойно араас нь хөөдөг биш, гал гаргахгүй байхад урьдчилан сэргийлдэг”. Үүнтэй холбогдуулан Архангай аймгийн сайн жишээг зориуд хэлье. Архангай аймаг “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн. Үндсэндээ 2017 оноос хойш идэвхтэй ажиллаж, С вирустэй хүмүүсээ 99 хувь хамруулж чадсанаар өнөөдөр элэгний хорт хавдрын нас баралт хоёр дахин буурсан үр дүнгээ үзүүлж байна. Бүтэн арван жилийн дараа үр дүн нь гарч байна.

Нийгмийн эрүүл мэндэд зориулж байгаа хөтөлбөр, үйл ажиллагаанд цаг хугацаа их шаардагддаг. Гэсэн ч бид үүнийг заавал хийх ёстой.



-Өвөрхангай аймагт осол гэмтэл, амиа хорлолт их байгааг холбогдох байгууллагаас хэллээ. Үүнийг яаж бууруулах вэ?

-Осол гэмтлийн шалтгаант нас баралт, амиа хорлолтоор улсын дунджаас өндөр байгаа нь ноцтой үзүүлэлт юм. Сэтгэцийн эрүүл мэндийн төвтэй хамтраад хөтөлбөр боловсруулан нэн даруй хэрэгжүүлж ажиллахыг аймгийн удирдлагуудад санал болголоо.

Цас их, халтиргаа гулгаатай энэ үед мотоцикл унахдаа хамгаалалтын малгай өмсөх нь амь, эрүүл мэндээ хамгаалж байгаа эхний урьдчилан сэргийлэлт гэдгийг малчдадаа хэлж зөвлөх хэрэгтэй. Мэдээж, хэлж байгаа байх, харин хэрэгжүүлэхгүй байна. Сая би Хархорин сумын Нэгдсэн эмнэлгээр ороход гурван иргэн тархины гэмтлээр яаралтай тусламж авч байна. Энэ хоёр асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй.

Орон нутгийн удирдлагад баярлаж байгаа нэг сайн туршлага байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт хүрэхгүй байгаа энэ хүнд үед Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийнхөө тогтмол зардлыг аймгаас гурван жил дараалан төлж байгаад талархахаас аргагүй. Хүн амынхаа эрүүл мэндэд үзүүлж буй том хөрөнгө оруулалт гэж харж байна.


-Өвөрхангай аймагт жишиг нэгдсэн эмнэлгийг барина гэж та уулзалтаар хэллээ. Энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Миний хийхээр зорьж буй томоохон ажлын нэг нь Азийн хөгжлийн банкнаас 250 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авч, аймаг бүрд харвалт, зүрхний шигдээс, осол гэмтэл, хүүхдийн эрчимт эмчилгээ болон түргэн тусламжийн тусламж үйлчилгээг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэх явдал юм.

Энэ санаачилгыг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барьсныг УИХ соёрхон баталснаар төслийн хэрэгжилт албан ёсоор эхлээд байна.

Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн орнуудын зээлжих төслийг хариуцаж байгаа захиралтай цахим хурал хийж ярилцаад хаана юу хийхийг урьдчилсан байдлаар гаргалаа. Энэ төслөөс хамгийн их санхүүжилт авах аймаг нь Өвөрхангай юм. Нэгдсэн эмнэлгийн барилгыг 30 сая доллароор шинээр барьж, 7-9 сая долларын өртгөөр тоног төхөөрөмжөөр хангах ажлыг ойрын 2-3 жилд хэрэгжүүлнэ.



Аймаг орон нутагт сэргийлж болох нас баралт 76 хувьтай байгааг Н.Оюунтуяа дарга ярьсан. Энэ өндөр хувь хэмжээг бууруулж, хүн амын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн чухал хөрөнгө оруулалт юм.


Монгол Улсад жилд дунджаар 18 мянган хүн нас бардаг бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр нас баралтын тоог даруй 2400-гаар бууруулах боломжтой гэсэн тооцоо бий. Ийнхүү бид урьдчилан сэргийлж болох эндэгдлийг бууруулж, олон иргэний амийг авран хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх юм.


Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн тогтолцоонд өөрчлөлт хийнэ. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан үед уг тогтолцоог бий болгосон. Тухайн үед эмнэлэг бүр шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж чадахгүй, хагалгааны өрөөг зориулалтын иж бүрэн тоноглолтой болгох боломжгүй байсан тул 3-4 аймгийн дунд нэг эмнэлэгт төвлөрсөн хөрөнгө оруулалт хийж, БОЭТ-үүдийг байгуулсан.

Харин өнөөдөр нөхцөл байдал өөр болсон. Аймаг бүр ангиографи, CT, MRI зэрэг орчин үеийн оношилгооны төхөөрөмжтэй болж, дурангийн хагалгааг өөрсдөө хийх чадавхтай болсон байна. Тийм учраас иргэн бүр аймагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг байх нь Эрүүл мэндийн яамны бодлогын гол цөм юм. Ялангуяа хүний амь эрсдэлд орсон үед шаардлагатай тусламж үйлчилгээг заавал орон нутагтаа шуурхай авах боломжийг бүрдүүлэх нь манай салбарын тэргүүлэх зорилт юм.


-Эрүүл мэндийн газрын ажилтнуудын цалин нэмэгдээгүй гэх асуудлыг ярьж байна?

-Эрүүл мэндийн газрын ажилтнуудын нийгмийн асуудалд бид зайлшгүй анхаарал хандуулна. НҮБ-тай хамтран 6 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн газрын ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах, мөн хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж, дэд бүтцийн холболтыг сайжруулах ажлыг энэ хавраас эхлүүлнэ.

Related news