ӨВӨРХАНГАЙ: 12 дугаар цэцэрлэгийнхэн “Хүмүүн бичиг” сониноор дадлагаждаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-03-04 14:49:32

Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ш.Лхагвасүрэн эрхлэгчтэй, Арвайхээр сумын 12 дугаар цэцэрлэг хамт олноороо “Хүмүүн бичиг” сониныг захиалж байна.


Төрийн байгууллагууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан бичгээ үндэсний хос бичгээр хөтлөх шийдвэрийг хэрэгжүүлсэнтэй холбогдуулан тус байгууллагын албан хаагчид үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Үүний тулд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалж, долоо хоног бүрийн лхагва гарагт “Уншлагын цаг”-ийг зохион байгуулан унших, бичих чадвараа тасралтгүй сайжруулж байгаа юм.


Албан хаагчдыг үндэсний бичгийн мэдлэгийн түвшнээр ангилж, өөрт тохирсон дасгал, дадлага хийлгэдэг бөгөөд хуулан бичлэг, хөрвүүлэг хийдэг” гэж арга зүйч Б.Магсаржалам ярилаа. Мөн байгууллагын хаяг, 100 гаруй тушаал, шийдвэрийг үндэсний бичиг рүү хөрвүүлээд байна.


Тус цэцэрлэг 2018 оны 11 дүгээр сард анх үүд хаалгаа нээсэн бөгөөд өдгөө найман бүлэгт 280 хүүхэд, 32 багш, ажилтантайгаар сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа явуулж байна. 2019-2025 оны хичээлийн жилд 525 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгон төгсгөжээ.

2020 онд аймгийн Боловсролын газраас зохион байгуулсан “Зохиолч багш” цахим уралдаанд Ж.Үржинханд “Адууны эрэлд” зохиолоор тэргүүн байр, Х.Шинэдогоо “Унаганы эрэлд зохиолоор гутгаар байр, Б.Сувд-Эрдэнэ “Боролдлой долдой-2” зохиолоор тусгай байр, 2022 онд Өвөрхангайн магтаалыг хэн сайн дуулах вэ? уралдаанд дэд байр, 2023 онд Өвөрхангай аймгийн Баянгол сумын 100 жилийн ойг угтсан “Бяцхан найзууд” дууны наадамд тэргүүн байр, ХДТ-ын нэрэмжит “Арвайн дэг” аймгийн аварга шалгаруулах бүжгийн уралдаанд гутгаар байр эзэлж байв.

Related news