С.Төмөрбаатар: Аман хүзүүний ясаар бухын сийлбэр хийгээд машинаар шагнуулж байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. С.Төмөрбаатар багш сийлбэрийн урлалыг хөгжүүлэх, залуу хойч үед сурган өвлүүлэх чиглэлээр тасралгүй 50 гаруй жил хөдөлмөрлөж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та хэзээнээс сийлбэрийн урлалд бие, сэтгэл зориулж ирэв. Аль төрлийг
түлхүү хөгжүүлж байна вэ?
-Би 1974 онд УБДС-ийн Зураг, хөдөлмөрийн ангийг төгсөж, Арвайхээр сумын 2 дугаар сургуульд 40 гаруй жил багшилсан. Өөрийн авьяас билиг, мэргэжлийн ур чадвараа хослуулан бүх төрлийн сийлбэрийн урлалыг хөгжүүлж ирсэн бөгөөд модон сийлбэрээр 20 гаруй жил дагнан ажиллаж байна.
Энэ хугацаандаа хүүхдүүдэд сийлбэрийн урлалын уламжлалт арга технологийг зааж, тэдний сэтгэлгээ, оюун ухааныг тэлж, авьяас чадварыг нь хөгжүүлэх, бизнес болон хэрэглээний ур ухаанд сургахад өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулж ирлээ. Мөн улс, аймгийн уралдаан, тэмцээнд олон удаа оролцож, олимпиадын аварга, шилдэг багш, бүтээлч багш зэрэг шагналаар удаа дараа шалгарч байсан.

-Манай аймаг урчуудаараа алдартай. Харин орчин үед урчууд хэр олон төрж
байна вэ?
-Би “Өвөрхангай аймгаас урчууд төрөх нь” сэдэвт судалгааны ном бичсэн. Өвөрхангай аймгаас нэртэй зураачид, урлаачид олон тоогоор төрж байгаагийн гол шалтгаан нь эртний Хархорум хоттой холбоотой. Чингис хаан эзэнт гүрний нийслэлийг байгуулахдаа газар газрын урчуудыг урьж авчирсан байдаг. Үүний үр дүнд олон урлаач, дархдууд төрж, хожим Уянга, Хархорин, Хужирт суманд артель, модны үйлдвэрүүдийг байгуулснаар уран бүтээлчдийн тоо улам нэмэгдсэн.
Миний хувьд энэ биет бус өв соёлыг таслахгүйн төлөө хойч үе, хүүхдүүдэд хичээл сургалтыг тасралтгүй явуулсаар ирсэн. Гэхдээ нэг зүйлд шүүмжлэмтгий ханддаг. Жинхэнэ урлаач төрөхийн тулд хүн өөрөө багажаа хийж, бүтээлийнхээ зургийг гаргаж, уйгагүй хөдөлмөрлөж, тэвчээртэй суудаг, юмыг нарийн ажигладаг байх ёстой. Гэвч хүүхдүүд үүнд ихэвчлэн хойрго ханддаг. Шавь сургалт маш чухал бөгөөд Монголын бүх урчууд шавь сургалтаар төрж гарсан.
-Сайн урлаач төрөхөд юу их нөлөөлөх вэ?
-Сайн урлаачид гурван шинж байдаг. Нүдний, ухааны, гарын ур. Үүнд гурван зүйл нөлөөлнө. Удам дамжсан ур, өөрийн гоц авьяас, сургалтаас олж авсан мэдлэг. Сийлбэр гэдэг чинь соёлын өв шүү дээ. Сүүлийн үед бизнесийн, хэрэглээний урлаг болон хөгжиж байна.

-Танд хамгийн их сэтгэл шингээж урласан ямар бүтээл байдаг вэ?
-Би модон сийлбэрийг тал, бүтэн, хүрээлбэр, ухмал, товгор гээд бүх төрлөөр бүтээдэг. Аавынхаа дүр төрхөөр жороо морьтой адуучны хөрөг сийлбэрийг хийсэн. Би малчны хүүхэд учир “Миний аав ийм л хүн байсан даа” гэж дурсаж, түүнийг санан урлаж байлаа.
Мөн би эхнэртээ зориулаад, дээр нь ээмэг, бөгжөө, доор нь бичиг баримтаа хийх хоёр хэсэгтэй, дээр нь зааны дүрстэй дурсгалын хайрцаг сийлж байсан бөгөөд энэ нь олон жилийн өмнөх бүтээл юм. Урлаачдын бүтээлүүд нийтлэг төрхөөрөө ижил мэт санагддаг ч хүн хүний сэтгэлгээ, харах өнцөг нь өөр байдаг.
-Танд өндөр үнэ хүрч байсан бүтээл бий юу?
-“Сурагч” сониноос сурагчдын дунд “5000 төгрөгийг яаж 100 мянган төгрөг болгох вэ” гэсэн бизнесийн шинэ санаачилга гаргах уралдааныг зохион байгуулсан юм. Тэр уралдаанд би охинтойгоо хамт оролцож, хонины аман хүзүүний ясаар бухын сийлбэр хийж байлаа. Тэр үед дэлхийд шуугиан тарьж байсан Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн Чикаго Буллз багийн сүлд нь бух байсан юм.
Тэгээд хаа сайгүй хог болж байсан хонины аман хүзүүний ясаар бухын сийлбэр урлаж, тэр багийн гишүүдэд бэлэглэж байв. Шүтэн бишрэгчдэд нь нэг доллароор худалдана гэсэн санаагаа дэвшүүлснээр тэргүүн байрт шалгарч, эксел машинаар шагнуулж байсан юм. Үнэхээр хэл устай, тусалж дэмжих хүмүүс байгаад энэ санаагаа хэрэгжүүлж чадвал юун нэг доллар байтугай үнэ хүрэхээр эд байна гэж хэлж байсан.


