ӨВӨРХАНГАЙ: Шунхлай уулын дөрвөлжин булш
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өвөрхангай
аймгийн Хужирт сумын нутаг, сумын төвөөс зүүн хойш нэг км орчим зайд орших хадтай багавтар
уулыг Шунхлай гэнэ. Энэ уулын баруун талаар хүрэл зэвсгийн үеийн зуу орчим
дөрвөлжин булш, хиргисүүр бий.
Орос, Монголын Шинжлэх ухааны академийн “Монголын түүх, угсаатны зүй” экспедицийнхэн 1949 онд цөөн хэдэн дөрвөлжин булшийг малтаж, сумны ясан зэв, шавар ваар, хүрэл чимэглэлийн зүйлс зэргийг илрүүлсэн нь хүрэл зэвсгийн үетэй холбогдож байв.
Мөн
1978 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Хархорумын
экспедици” энд дөрвөлжин булш малтаж хүн, амьтны яс,
шавар ваарын хагархай зэргийг олжээ. Булшнуудын олдвороос ажихад нас барсан
хүнийг умар зүгт толгойгоор нь хандуулан гэдрэг харуулж, хоёр хөлийг жийлгэн,
хоёр гарыг эх биеийг дагуулж тавьдаг, бас нас эцэслэгсдийн эдэлж хэрэглэж
байсан зэр зэвсэг, гоёл чимэглэл, сав суулга болон хүнсний зориулалттай зүйлийг
дагалдуулан оршуулдаг байсан заншил ёс илт харагддаг аж.
Шунхлай уулын дөрвөлжин булш нь хүрэл зэвсгийн сүүл, төмөр зэвсгийн түрүү үед буюу НТӨ II-I мянган жилд холбогдоно.
