ӨВӨРХАНГАЙ: Сургуулиараа “хос бичигтэн” болох зорилт тавин ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ерөнхий боловсролын “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийн хамт олон 100 хувь хос бичигтэн болох зорилт тавин эх хэл-үндэсний бичгээ хичээнгүйлэн суралцаж байна.
Үүний тулд байгууллагаараа Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалан гарын авлагаа болгож, хурдан уншлагын уралдаан, үндэсний бичгийн олимпиад, “Үсэглэлийн хаад” тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Мөн “Үндэсний бичиг”-ийн өрөөг тохижуулан сурагчдын бүтээлүүд, цахим бичвэр суралцах хэсэг, шинэ үг болон дүрэм, монгол тоог тоглонгоо сурах боломжтой хэрэглэгдэхүүнийг байршуулжээ.

Сургуулийн ажилтнуудад цахим орчинд “Үндэсний бичиг”-ээр бичиж сурах нэг сарын сургалтыг Монгол хэл, уран зохиолын багш нар амжилттай зохион байгуулж, 29 албан хаагч үндэсний бичгээр нэг минутад 50-иас дээш үг унших чадвараа ахиулан “Батламж” гардсан байна.
Тус сургууль сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн хөгжил хамгаалал, багшийн хөгжил, сургалтын орчин, багшлах боловсон хүчний нөөцөд анхааран ажиллаж, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд II, 2023 онд I, 2024 онд I, 2025 онд III түвшинд үнэлүүлжээ. Мөн элсэлтийн шалгалтаар хэмжээст онооны дундаж тогтмол ахиж, аймагтаа эхний таван байрт тогтмол эрэмбэлэгдэн улсын шилдэг 60 сургуульд багтсан байна.
Энэхүү амжилтаараа 2024 онд Арвайхээр сумын тэргүүний сургууль, 2025 онд Өвөрхангай аймгийн тэргүүний сургуулиар тус тус шалгарсан юм.
