ӨВӨРХАНГАЙ: Суманд анхны 100 ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хархорин суманд орчин үеийн шаардлагад нийцсэн 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа.
Улсын төсвийн 13.7 тэрбум төгрөгийн өртгөөр тус эмнэлгийн барилгыг өргөтгөж, харьяаллын 15 мянга, бүсийн сумдын 28 мянган хүн амд хүргэх лавлагаат шатлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан орны тоог 30-аар нэмж байна.
Тэрчлэн компьютер томографийн (CT) аппарат, ходоодны дуран, гемодиализын аппаратыг суурилуулж, сэргээн засах, эрчимт эмчилгээний тасгийг шинээр нээж, ариутгал халдваргүйтгэлийн орчин нөхцөлийг иж бүрэн шинэчлээд байна.
Шинэ барилгатай болсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэд болоод эмнэлгийн эмч, ажилтнуудад тав тухтай, ээлтэй орчин бүрдэж байгаа юм. Энэ нь Монгол улсын хэмжээнд суманд барьсан анхны 100 ортой эмнэлэг болохыг Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин онцлов.

Тус эмнэлэг 29 их эмч, 36 сувилагч мэргэжилтэн, захиргаа үйлчилгээний 44 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд түүхт 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд долоон үндсэн зорилт бүхий 70 ажил төлөвлөж байгааг эрхлэгч Д.Энхзаяа хэллээ. Үүнд тусламж үйлчилгээний нэр төрөл болон орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил багтаж байна.