“ХӨВСГӨЛ: Даян дээрхийн хүрээ хийдийг зарим иргэн "Утай гүмбэн" хэмээн зорин очдог

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2026-02-24 12:58:31

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/Даян дээрхийн хүрээ хийдийг зарим иргэд "Утай гүмбэн" хэмээн зорин очдог.


Харуул нутгийн шашны төв нь XVII-XVIII зууны дунд үед Чогчин дуган, Чойрын дуган, Диваажингийн дуган, Даян дээрхийн хүрээ зэрэг 10 орчим дацантай байгуулагдсан бөгөөд тансаг гоёмсгоороо халхад нэрд гарсан Даян дээрхийн хүрээ хийдэд 1000 гаруй лам хувраг шавилан сууж, өдөртөө ном хурж, ногоон морь урдаа хөллөн, бүрээ бишгүүрийн дуу чимээ гарган Майдар эргэж, шөнөдөө урд уулын оройд болон Чогчин дуганы өмнө бөөлдөг байжээ.


Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг.


Агуйн аманд Даян дээрхийн хүрээ байдаг бөгөөд лам нар жил бүр  уул, ус, хангай дэлхийдээ зориулан ном хурдаг байна. 

Энэ жил Улаанбаатар хотоос лам хуврагууд ирсэн бөгөөд шинийн 15 хүртэл ном хурах юм.


Даян дээрхийн агуйд сар шинийн 15-ны өдөр ирсэн хүн бүр Даян дээрхийн авралд нь багтаж, ивээлд нь оршдог гэдэгт итгэдэг тул Монгол орны өнцөг булан бүрээс иргэд ирдэг болжээ.

 

Морь жил гарснаас хойш өдөрт 50-70 гаруй тээврийн хэрэгсэлтэй 500 орчим иргэн зорин иржээ.