ӨВӨРХАНГАЙ: Өвлөн уламжлагчид өөрсдийн санаачилгаар сан байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-23 14:37:58

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн шилдэг өвлөн уламжлагчид өөрсдийн санаачилгаараа нэгдэн “Соёмбот өв соёл” санг байгууллаа.


“Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль-2025” наадамд Өвөрхангай аймгийн өвлөн уламжлагчид төв халх угсаатны язгуур соёлын өв, уламжлалт арга ухааныг сурталчлан дэлхийн 26 улс орны 280 мянга гаруй зочид, жуулчдад түгээн дэлгэрүүлсэн амжилтаараа гутгаар байр эзлэн 50 сая төгрөгийн шагнал хүртсэн юм.


Өвөрхангайн өвлөн уламжлагчид шагналын мөнгөөрөө сан байгуулан Монгол Улсын Засгийн газрын таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан соёлын биет бус өвийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтын хүрээнд шавь сургалтаар дамжуулан өвлөн уламжлагчдаа дэмжих, залгамжлах, соёлын биет бус өвийг хамгаалах зорилгоор ийнхүү нэгдэж байна.


Сангийн дүрэмд шилдэг өвлөн уламжлагчдыг тодруулан шагнахаар тусгасан бөгөөд олон шавь төрүүлж, олон улсад өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн, мөн алдагдсан, мартагдсан өв соёлыг сэргээн сануулж, өвлүүлсэн байх шалгуур тавьжээ.


“Соёмбот өв соёл” сангийн дэргэд ардын урлагийн “Ерөөл интертайнмент хамтлагийг байгуулж, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, уран бүтээлийг нь арвижуулахад анхааран ажиллах юм. “Өвлөн уламжлагчид орлогынхоо 10-30 хувийг сандаа хандивласнаар төрөөс мөнгө нэхэхгүйгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэнэ” хэмээн Соёлын хэлтсийн дарга, доктор Л.Пүрэвлхам хэллээ. 

Related news