ӨВӨРХАНГАЙ: Энэ онд өв соёлын чиглэлээр зургаан төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-10 11:14:19

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/.  Аймгийн аялал жуулчлалын салбарын асуудлаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон төр, төрийн бус байгууллагын төлөөллүүд уулзалт хийж ярилцлаа.

Уулзалтаар “Дэлхийн өв орхоны голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Д.Алтанхүү аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлыг танилцуулсан юм.


Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоог хангаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, аялал жуулчлалыг соёлын өв, байгаль орчин, дэд бүтэцтэй цогцоор нь авч явах шаардлагатай хэмээн үзэж, аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан “Аялал жуулчлалын зөвлөл”-ийг байгууллаа.

2025 онд аймагт аялал жуулчлалын 13 үйл ажиллагаа зохион байгуулсан бол энэ оны 7 дугаар сарын 17, 18-нд “Арвагар хээр – Адууны баяр”, 7 дугаар сарын 22-нд Хужирт суманд Монгол эсгий урлалын баяр, 7 дугаар сарын 23-нд Бат-Өлзий суманд Сарлагийн баяр, өвлийн улиралд “Karakorum ice festival”, Тэмээний баярыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн 8 дугаар сарын 5, 6-нд “Занабазар фестиваль”-ийг анх удаа хийхээр яригдаж байгаа юм.


Дотоод, гадаад жуулчдыг татахад үйлчилгээний газруудын чанар, стандарт хангалтгүй байгаа нь тус салбарын тулгамдсан асуудал болж байна. Мөн аймагт хувийн хэвшлийн 33 бааз, 80 гаруй гэр болон зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа ч дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэлтэй, тэнд татвар төлдөг учраас аялал жуулчлалын салбараас орж байгаа эдийн засгийн үр өгөөжийг бодитой тооцоолох боломж байдаггүйг салбар хариуцсан мэргэжилтнүүд хэлж байв.

Цаашид дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тогтмол хийж байгаа эвент наадмуудыг чанаржуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжих талаар онцолж ярьлаа. 

Related news