ӨВӨРХАНГАЙ: Хүүхдүүдийн шатар тоглох сонирхол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-10 11:44:32

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ЗДТГ Шатрын холбоотой хамтран өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ сарын 7-8-нд зохион байгууллаа. 


Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд энэ жил 14 сумын өсвөрийн 330 гаруй тамирчин оролцож, 6-18 насны ангиллаар оюун ухаанаа сорин өрсөлдөв.


Өсвөр насныхны дунд шатар тоглох сонирхол нэмэгдэж, ур чадвар өссөнийг зохион байгуулагчид онцоллоо. Насны ангилал тус бүрд эхний гурван байр эзэлсэн өсвөрийн шатарчид ирэх 3 дугаар сард улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрх авлаа. 


Аймгийн ИТХ-ын тогтоолоор "Шатар" хөтөлбөрийг баталж, шатрын спортыг орон нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, тамирчдын ур чадвар, авьяас билгийг хөгжүүлэх ажлыг Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ЕБС-иудын хэмжээнд 500 гаруй, хувийн багштай таван дугуйланд 200 орчим хүүхэд шатрын спортоор хичээллэн ур чадвараа нэмэгдүүлж байна.



Related news