ДАРХАН-УУЛ: Сурагчдын дунд эрчим хүчийг хэрхэн хэмнэх талаар аян өрнүүлжээ
ФОТО МЭДЭЭ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний хэрэглээг хэмнэж, зөв, зохистой хэрэглэх дадал хэвшлийг бий болгох зорилгоор нийгмийн нөлөөллийн аяныг Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг. Оргил ачааллын улирал болох өвлийн цагт тогоо тохируулж хэрэглэх нөлөөллийн сурталчилгааг хүргэж байна.
Түүнчлэн бага насны хүүхдүүдэд гэртээ болон анги танхимдаа эрчим хүчээ хэрхэн хэмнэх талаар орон нутгийн мэргэжлийн байгууллагууд ойлголт, мэдээлэл өгч ажилладаг.
Энэ хүрээнд “Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” аяныг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Боловсролын газартай хамтран хэрэгжүүлж байна. Эрчим хүч түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дэмжлэгтэйгээр ЕБС-ийн сурагчдын дунд уралдаант тэмцээн зохион байгуулж, хүүхдүүдэд эрчим хүчийг хэрхэн хэмнэх талаар ярилцах, сэтгэх, хэрэгжүүлэх боломж олгож байна.
Аяны хүрээнд хүүхэд, багачууд эрчим хүчийг хэмнэх талаар зохион бичлэг, гар зураг, уншиж мэдсэн зүйлээрээ бүтээл гаргах зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулжээ.

"Зөв хэрэглэж, зөндөө хэмнэе" аяны хүрээнд хоёр үе шаттай уралдаан зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан байна. Нэгдүгээр шат аймгийн ерөнхий боловсролын 24 сургууль тус бүрд болж, дараагийн шатанд 8 сургуулийн 80 сурагч оролцжээ.
Гар урлал, бүтээл, зохиомжит байдал, эрчим хүч хэмнэх тухай зөв оновчтой санал санаачилга дэвшүүлж үе тэнгийнхэндээ танилцуулсан байдлаар нь шалгаруулснаас тэргүүн байрт 31 дүгээр сургууль, дэд байрт Оюуны ирээдүй сургууль, гуравдугаар байрт 18-р сургуулийн багш, сурагчид шалгарчээ.
Аяны шалгаруулалтыг Дархан, Сэлэнгийн
цахилгаан түгээх сүлжээ ХК, Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК, Дарханы
дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн төвийн бүсийн
салбар, Дулаан шарын гол ТӨХК-ийн мэргэжилтнүүд шүүн явуулжээ.