ДАРХАН-УУЛ: “Цагаан сар-Соёлын өв" уулзалтад залуу гэр бүлүүдийг хамрууллаа

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2026-02-06 15:42:10

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан түүх, ёс заншлыг залуу хойч үед тайлбарлан таниулах, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой "Цагаан сар-Соёлын өв" сэдэвт уулзалт зохион байгууллаа.


Энэхүү уулзалт залуу гэр бүлийнхэнд цагаан сарын тавгийг хэрхэн засах, дээл хувцсаа зөв өмсөх, ууц, махыг зөв тавих зэргийг сурах боломж олгоно.


Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Ахмадын хөгжлийн төв, Дархан сумын ЗДТГ хамтран зохион байгуулж буй уг уулзалтыг гурван удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.


Эхний удаад залуу гэр бүлийн төлөөллийг хамруулсан бол өнөөдөр Дархан сумын ЗДТГ-ын залуу албан хаагчдыг хамрууллаа.


Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, мастер тогооч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Ч.Зунгарай анх санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.


Уулзалтад Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржайлан хийдийн Да лам Д.Базаррагчаа шашин, соёл, зүг мөргөх тухай мэдээлэл өгсөн бол соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Б.Дарханням тавгийн идээ, ундаа, хэвийн боовыг хэрхэн засах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч О.Туул үндэсний хувцсыг хэрхэн зөв өмсөх, дээдлэх тухай, мастер тогооч Ч.Зунгарай идээ шүүсний талаарх мэдлэг, ойлголтыг өгч байна.

 

Түүнчлэн Цагаан сарын утга учир, золгох ёс, идээ засах дэг, ерөөл магтаал, бэлгэдэл, орчин цагт уламжлалыг зөв хадгалж хэрэгжүүлэх асуудлаар илтгэл, хэлэлцүүлэг, асуулт хариултаар өрнөж байна.


Цагаан сар нь уламжлалт баяр ёслол төдийгүй монголчуудын ёс суртахуун, ахуй соёл, байгаль дэлхийтэй зохицон орших ухааны илэрхийлэл болохыг онцлон тэмдэглэж, хойч үедээ зөв уламжлуулж танин мэдэхүйн мэдлэг өгч байгаад залуу гэр бүл, төрийн албан хаагчид талархалтай байна.