ӨВӨРХАНГАЙ. Б.Туяацэцэг: Теле камеруудыг хиймэл оюун ухаанд холбох ажлыг төлөвлөн хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй хот, аймаг, сумыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд теле камерын тоог нэмэгдүүлэх, чанаржуулах арга хэмжээг авч буй юм. Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Туяацэцэгээс тодрууллаа.
- “Ногоон бүс” төслөөр Өвөрхангай аймгийн аль хэсгийг камержуулж байна. Хэр үр дүнтэй хэрэгжиж байгаа вэ?
- “Ногоон бүс” төслийг гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох,
урьдчилан сэргийлэх мөн иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах төдийгүй
нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан хяналтын камерыг цагдаагийн
байгууллагын нэгдсэн системд холбох зорилгоор дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж
байна.
Өнгөрсөн хугацаанд нийт сумдын болон Арвайхээр сумын 5 дугаар багийг камержуулж, “Ногоон бүс” буюу аюулгүй бүс болгох зорилгоор ажилласан. Тухайн багт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 8 хувиар, гэмт хэргийн гаралт 6 хувиар тус тус буурч, хэргийн илрүүлэлт 65 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.
Мөн бүх сумын төвийг болон зарим алслагдсан багийг камержуулах зорилгоор 2018 оноос эхлэн “Камержуулалт-1,2,3,4” аянуудыг жил бүр үе шаттайгаар өрнүүлсэн. Үүнд нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэд, хуулийн этгээд идэвх санаачилгатай оролцлоо.
Өнгөрсөн онд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн камержуулалтад 19 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нийт 753,4 сая төгрөгийг баталсан байна. Тухайлбал, Нарийнтээл сум 121.4 сая, Уянга сум 115 сая, Баянгол сум 50 сая, Гучин-Ус сум 20 сая, Сант сум 15 сая төгрөгийг төсөвлөн сума камержуулснаар гудамж, зам талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, бууруулах, цаашлаад таслах зогсоох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхэд ахиц гарсан гэж дүгнэж байна.

- Аймгийн хэмжээнд олон нийтийн эзэмшлийн газар, замын хөдөлгөөнийг хэчнээн камериар хянадаг
вэ. Камерууд нь чанар стандартад нийцэж байна уу?
- Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS 6423:2019 стандартын техникийн ерөнхий шаардлагыг хангасан бүх төрлийн хяналтын камерыг суурилуулдаг. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 652, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой 1571, авто зам, уулзвар гарц дээр 74, нийт 2297 камерыг байршуулж, зорилтод түвшний хэрэгжилт 66.5 хувьтай байна.
Сүүлийн гурван жилийн байдлаар теле хяналтын камерын тусламжтайгаар 20 гэмт хэрэг, 254 зөрчлийг илрүүлж, 12 эд зүйл, дөрвөн сэжигтэн этгээдийг олж тогтоосон. 2025 онд гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 43,5 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 25 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна.
Ер нь аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд гэмт хэргийн 40 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 40 хувийг, бусад төрлийн гэмт хэргүүд 20 хувийг эзэлж байна.
- Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвд байрлаж буй “Теле камерын хяналтын дэд төв”-д бүх сумдын камериуд холбогдох уу?
- Цагдаагийн байгууллагаас урьд онуудад аймаг, нийслэлийн бүх
баг, хороо, сум, дүүргийг иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо, дэмжлэгтэйгээр
камержуулах, теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулах, мөн байгуулагдсан
“дэд төв”-д сумдыг холбох зорилтыг тавин ажилласан.
Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвд байрлаж буй “Теле камерын хяналтын дэд төв”-д өнөөдрийн байдлаар Арвайхээр, Хархорин сумдын камерууд холбогдсон. 2025 оны 12 дугаар сард найман сумыг дэд төвд холбохоор техник тоног, төхөөрөмжийн зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлүүллээ. Үлдсэн есөн сумын камеруудыг дэд төвд холбох талаар сумын удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

- Нийслэлийн замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухааны тусламжтай хянаж байна. Энэ аргачлалыг Өвөрхангай аймагт нэвтрүүлэх үү?
- “Ногоон бүс ашиглалт”-ын хүрээнд камеруудыг хиймэл оюун
ухаанд суурилсан ухаалаг программд холбох ажлыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Үүний
тулд дэд бүтэц, удирдлага,
хяналтын систем, программ хангамжийг бий болгох ёстой. Үүнийг аймаг,
сумдтай хамтарч хэрэгжүүлэхээр сумдын
ИТХ-ын тогтоолоор 600 орчим сая төгрөгийг төсөвт
суулгаад байна.
Ингэснээр гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж, илрүүлэх замаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх юм.
Ухаалаг
программыг камеруудад суурилуулснаар өгөгдөлд суурилсан дүгнэлт хийж, гэмт
хэрэг, зөрчлийн холбогдогч хүн, тээврийн хэрэгсэл эрэн сурвалжлах, замын хөдөлгөөн
зохицуулалт, улмаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн мод, суулгац устгах, гэмтээх,
мөн хог хаях зэрэг зөрчилд хяналт тавих,
цаашлаад илрүүлэлтэд ахиц гарна.
Мөн иргэд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж,
хөдөлгөөнд соёлтой оролцсоноор зөрчлийн
тоо багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, хянах
боломж бүрднэ гэж харж байна.