ӨВӨРХАНГАЙ: Нэрт сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит соёлын үйл ажиллагаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-02-05 13:22:42

Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  “Өвөрхангайн урчууд-2026” соёлын үйл ажиллагаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд тав дахь жилдээ болно.


Соёлын биет бус өвийн долоон ай савын уламжлалт гар урлалын нэгэн төрөл болох модон сийлбэрийн урлалыг сурталчлах, өвлөн уламжлуулах зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, нэрт сийлбэрч Н.Одхүүгийн нэрэмжит болгон зохион байгуулах юм.


Сийлбэрч, уран дархан Н.Одхүү нь Хархорум хотын загвар, Чингисийн хар, цагаан сүлд, Их алаг сүлд, Майдар бурхны морь тэрэг, Өндөр гэгээний хөрөг, Хархорины гурил тэжээлийн үйлдвэрт баатрын хуяг хувцас, “Хархорин өргөө” жуулчны баазын мөнгөн мод, аймгийн музей, Чингис хааны музейд эмээл зэрэг олон бүтээлийг урлажээ. Мөн аймгийн Хөгжимт драмын театрын чимэглэл, сийлбэр зургийг хийж тохижуулсан байна.


Түүний аав Д.Намсрай гарын уртай хүн байсан бөгөөд лам нарын гар үйлдвэрт ажилтан, мастер, артелийн дарга зэрэг алба хашиж, хоршооллын байгууллагад 40 орчим жил ажилласан байна. Түүний хүү О.Мягмарсүрэн, О.Ангарагсүрэн нар улсдаа нэртэй чулуун сийлбэрч, уран зураачид бөгөөд О.Ангарагсүрэн Япон Улсын Киото Их сургууль, Хүн ба Байгаль шинжлэлийн сургуульд Соёлын өвийн хадгалалт, сэргээн засварлалтын чиглэлээр докторын зэрэг хамгаалж, өв соёлоо хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байна.


“Өвөрхангай аймаг гэрийн модон үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд модон сийлбэрийн урлалаар олон алдартныг төрүүлж, монгол гэрийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн аймгийн СУАЖГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга, Соёл, судлалын ухааны доктор (Ph.D) Л.Пүрэвлхам ярилаа.


Related news