ӨВӨРХАНГАЙ: Сумдын дарга нарт стратегийн ач холбогдолтой ажлыг санаачлан хийх үүрэг өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сумдын удирдлагууд улс, аймгаас төсөв хүлээж суух биш, стратегийн ач холбогдолтой ажлыг санаачлан хийж, сумын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, олсон орлогоороо бүтээн байгуулалт өрнүүлэх үүрэг, чиглэл авлаа.
Өнгөрсөн хоёр өдөр болсон сумдын ИТХ болон Засаг дарга нарын нэгдсэн сургалтаар аймгийн
удирдлагаас дээрх үүргийг өгсөн юм.
Тухайлбал, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав “Сум, орон нутгийнхаа онцлогт тохирсон хөгжлийн бодлоготой, хүчин чармайлттай ажиллах хэрэгтэй. Төсөв хөрөнгө муутай, хөрөнгө оруулалтын зардал олдохгүй байна гээд гараа хумхиад суух биш, ямар боломж, арга зам байна, авхаалж самбаагаа сорьж, ухаанаа уралдуулж, нөөц бололцоогоо тэмтэрч ажиллаж байж иргэдээсээ сайн үнэлгээ авна” гэв.
Мөн Засаг дарга О.Пүрэвдорж суманд дутагдаж байгаа эмч, багш зэрэг голлох хүний нөөцөө бодлогоор хангах, хувийн хэвшлээ дэмжиж, иргэдийнхээ орлогыг бодитой нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Нэгдсэн
сургалтаар сумдын дарга нарыг цаг үеийн мэдээллээр хангаж, албан хаагчдын
үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах, спорт, соёл, аялал жуулчлал, соёлын
бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сайн дурын нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх, ахмадуудыг
дэмжсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт анхаарч ажиллах шаардлагатайг сануулсан
юм.
Энэ
үеэр аймгийн Засаг даргаас сумын Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 2025 оны
үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн Хурлын ажлын алба, ЗДТГ-ыг шалгарууллаа.