ӨВӨРХАНГАЙ: Боловсролын газрын ажилтнуудын цалин нэмэгдээгүй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын
гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нар Арвайхээр
суманд ажиллалаа.
Энэ үеэр аймгийн удирдлагуудтай болон боловсролын салбарын багш ажилчид, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзан цалингийн нэмэгдэлтэй холбоотой мэдээллийг өгч, санал солилцсон юм.
2025 онд аймгийн боловсролын салбарт улсын төсвөөс дөрвөн төсөл, арга хэмжээнд 13 тэрбум төгрөг зарцуулсан бол 2026 онд 13 төсөл, хөтөлбөрт 18.6 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Тус аймагт боловсролын чанар, үр дүн сайн. Элсэлтийн шалгалтад эхний байруудад тогтмол шалгардаг. Улсын топ сургуулиудын эгнээнд хоёр сургууль багтсан хэмээн аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж мэдээлэл өглөө.
Мөн багш нарын ажлыг үнэлэх, урамшуулах, туршлага судлуулах зорилгоор 400 багшийг гуравдагч орнуудад урт, богино хугацаагаар сургахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид 100 багшийг сургалтад явуулна гэсэн юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гурван мянган багшийг гуравдагч орнуудад сургахаар тусгасан бөгөөд гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлнэ. Үүнд Өвөрхангай аймгийн багш нарыг хамруулан сургах боломжтой гэдгийг салбарын сайд ярилаа.

Түүнчлэн Арвайхээр суманд улсын их сургуулиудын салбар сургууль байгуулах саналыг аймгийн удирдлагууд тавьж, энэ асуудлаар их сургуулиудтай холбож өгөх, эхний хоёр жилд нутагтаа суралцаад, дараагийн хоёр жил тухайн сургуулийнхаа төв салбарт суралцаж төгсөх байдлаар шийдэх хувилбар байж болох талаар ярилцлаа.
Багш нар хэлэхдээ цалин нэмэгдсэн
боловч урамшуулал, ур чадварын нэмэгдлийг өмнөх цалингаас тогтоосон, мөн
олгогдоогүй учраас бодит байдалд цалин нэмэгдээгүй. Цалин нэмэгдэх сургаар
өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ эрс нэмэгддэг учраас төрийн албан хаагчид
хохироод үлддэг, Боловсролын
газрын ажилтнуудын үндсэн цалин 1.5 сая гаруй төгрөг хэвээрээ байгаа, салбарын ажилтнуудын цалингийн
нэмэгдлээс хоцордог зэрэг саналыг хэлж байв.