Грэмми-2026: Кендрик Ламар хамгийн олон шагналыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2026-02-02 16:40:01

ЛОС-АНЖЕЛЕС, 2026 оны хоёрдугаар сарын 2 /BBC/. “Грэмми” хөгжмийн наадмын 68 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Cripto.com” цогцолборт боллоо. Энэ онд уг ёслол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр улс төржсөн өнгө аястай болж өнгөрсөн байна. Шагнал хүртсэн олон уран бүтээлчид, зочид сүүлийн хэдэн долоо хоногт хоёр жагсагчийг буудан хөнөөсөн Америкийн цагаачлалын албаны үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. 


Хамгийн олон шагналыг рэп дуучин Кендрик Ламар /таван төрөлд/, дуучин Билли Эйлиш, Лэди Гага нар хүртлээ. 


Шагнал гардан авах үеэрээ улс төрийн хамгийн сэтгэл хөдөлгөм үгийг Пуэрто-Рико гаралтай рэп дуучин Бэд Банни (жинхэнэ нэр нь Бенито Антонио Мартинес Окасио) хэлжээ.  Тэрбээр хамгийн нэр хүндтэй төрөл болох “Оны шилдэг цомог” шагналыг Латин Америкийн реггетон урсгалын “Debi Tirar Mas Fotos” цомгоороо хүртсэн нь бүх дууг нь испани хэлээр дуулсан цомог “Грэмми”-гийн гол шагналыг хүртсэн анхны тохиолдол болж түүхэнд бичигдлээ. Ирэх долоо хоногт Бэд Банни АНУ-ын хамгийн нэр хүндтэй тоглолтуудын нэг болох Үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээний завсарлагын шоуны үеэр уран бүтээлээ толилуулна. 


Тэрбээр шагнал гардан авахдаа “Бурханд талархахаасаа өмнө би Цагаачлалын албаныхан тонил цаашаа!” гэж хэлмээр байна” хэмээн хэлснээр АНУ-ын Холбооны цагаачлал, гааль хяналтын албаны (ICE) үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.  Сүүлийн долоо хоногуудад Миннесота муж улсын Миннеаполис хотод ICE -ын ажиллагааны үеэр хоёр хүн буудуулж амиа алдсан нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлж, улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн юм.  “Бид зэрлэгүүд биш, бид амьтад биш, бид харийнхан биш, бид бол хүн, бид бол америкчууд” гэж Бэд Банни хэлжээ.


"Wildflower" дуугаараа "Грэмми"-гийн “шилдэг дуу” шагналыг хүртсэн дуучин Билли Эйлиш мөн ICE-ын үйл ажиллагааг эсэргүүцэхийг уриалсан байна. “Яг одоо юу хэлэх, юу хийх ёстойгоо ойлгоход үнэхээр хэцүү байна. Гэхдээ бид тэмцлээ үргэлжлүүлж, ил тод дуугарч, эсэргүүцлээ илэрхийлсээр байх ёстой гэж бодож байна. Бидний дуу хоолой үнэхээр чухал” гэж тэрбээр хэлсэн байна.


Энэ оны “Грэмми” хөгжмийн наадмын гол ялагч нь 38 настай рэп дуучин Кендрик Ламар байлаа. Тэрбээр хамгийн олон шагналд нэр дэвшиж, тавд нь шагнал хүртлээ. Ингэснээр Ламар рэп хөгжмийн түүхэнд “Грэмми” наадмаас хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч болж, Jay-Z-г ардаа орхисон бөгөөд одоо нийт 26 шагналтай болсон байна.


Тэрбээр GNX цомгоороо “Грэмми” хүртсэнээс гадна, шилдэг рэп хөгжмийн зохиол, шилдэг аялгуут рэп үзүүлбэр, шилдэг рэп үзүүлбэр зэрэг төрөлд шалгарчээ.


Нэр дэвшсэн шагналын тоогоор Леди Гага удаалсан бөгөөд дуучин бүсгүй шилдэг поп дууны цомог (Mayhem), шилдэг дуу, шилдэг бүжгийн дуу бичлэг (Abracadabra), мөн шилдэг ремикс төрөлд шагнал хүртсэн байна. 


Шагналаа гардан авах үеэрээ Леди Гага эмэгтэй уран бүтээлчдэд хандан, уран бүтээлийнхээ талаарх өөрийн үзэл бодлыг хамгаалж байхыг уриалжээ. “Би заримдаа студид очиход эрчүүдээр дүүрэн байдаг, тэр үед өөрийн үзэл бодлыг хамгаалахад хэцүү байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ би та нарыг өөрийнхөө дууг, өөрийгөө продюсерийн хувиар хамгаалж тэмцэхийг уриалж байна. Ингэснээр таныг үнэхээр сонсох болно” хэмээн тэрбээр хэллээ.


Related news