ДАРХАН-УУЛ: Мөсний загасчлалын ганцаарчилсан төрлийн ААШТ боллоо
ФОТО МЭДЭЭ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ССАЖЗГ, БТСГ хамтран өвлийн аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэх зорилгоор “Бурхантын өвлийн наадам” спортын тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ
жилийн Бурхантын өвлийн наадмын хүрээнд мөсний загасчлал, мөсөн сур, шагайн
харвааны тэмцээн, спорт автомашин сонирхогчдын дунд дрифтын тэмцээн боллоо.
Энэ хүрээнд аймгийн Загасчлалын спортын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг мөсний загасчлалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 14 дэх жилдээ амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.
Өнгөрсөн бямба, ням гарагт болсон уг тэмцээнийг ганцаарчилсан төрлөөр зохион байгуулж, арав гаруй клубийг төлөөлсөн шилдэг 12 тамирчин ур чадвар, тэсвэр хатуужил, арга техникийг сорин өрсөлдсөн байна.
Тэмцээний тэргүүн байрт гурван оноогоор Ч.Анхбаяр, дэд байрт 7.5 оноогоор О.Энхболд, найман оноогоор Э.Хонгорбаатар нар шалгарч тэмцээний ивээн тэтгэгч “Рыбалка” дэлгүүрийн гарын бэлгээр шагнуулав.
Мөн “Хамгийн том загас” төрөлд Э.Хонгорбаатар шалгарч, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн гарын бэлгээр шагнагдсан бол Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн тамирчин, тэмцээний цор ганц эмэгтэй оролцогч Х.Оюун 12 оноогоор зургаадугаар байрт шалгарлаа.

Тамирчин Х.Оюун нь эмэгтэй тамирчдын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ өвлийн хүйтэнд мөсний загасчлалын спортоор өрсөлдөж, туршлага, тэсвэр, тэвчээрээрээ үзэгчдийн анхаарлыг ихэд татсан юм.
Ташрамд, Дархан-Уул аймгийн Спорт загасчлалын холбооноос энэ оны хоёр дахь тэмцээнээ
амжилттай зохион байгууллаа.